Шууд Chart

Герман улс хүн амины хэрэгтэй холбоотойгоор Оросын хоёр дипломатчийг хөөлөө

2021-12-16 13:04:58

Хоёр жилийн өмнө Берлин хотод Гүржийн иргэнийг хөнөөсөн Оросын иргэний хэрэгтэй холбоотойгоор тус улсын хоёр дипломатчийг хөөж байгаагаа Герман улс мэдэгдлээ.

Гүржийн 40 настай иргэнийг 2019 оны 8 дугаар сард Берлин хотын цэцэрлэгт хүрээлэнд буудан хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийн дараа төд удалгүй 56 настай Орос иргэнийг хүн амины хэрэг болон бусад гэмт хэрэгт буруутган баривчилжээ.

Германы шүүх лхагва гарагт Оросын гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноолоо. Чечен гаралтай хохирогч өмнө нь Оросын цэргийн эсрэг тулалдаж байсныг шүүх онцлон тэмдэглэсэн. Мөн шүүгдэгч Москвагийн захиалгаар аллага үйлдсэн гэж мэдэгдээд, энэ үйлдлийг "төрийн терроризм" гэж тодорхойлсон байна.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок төрийн захиалгат аллагыг "Германы хууль тогтоомж, Германы тусгаар тогтнолыг ноцтой зөрчсөн үйлдэл" гэж үзээд Оросын хоёр дипломатчийг хөөн гаргахаа мэдэгдлээ.

Энэ хэргийн улмаас Герман 2019 оны 12 дугаар сард ОХУ-ын өөр хоёр дипломатчийг хөөж байжээ. Энэхүү алхам нь Герман, Оросын харилцааг улам хурцатгаж магадгүй гэж германы хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман улс хүн амины хэрэгтэй холбоотойгоор Оросын хоёр дипломатчийг хөөлөө   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй