Шууд Chart

Унгарт 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж эхэллээ

2021-12-16 11:19:40

Унгар улс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. Энэ нь Европын холбооны улс орнууд “Омикрон” хувилбарын тархалт хурдацтай байгаа үед цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа кампанит ажлуудын нэг хэсэг болж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын биотехнологийн "Пфайзер" компанийн гарган авсан коронавирусний эсрэг вакцины бага тунгийн зөвшөөрлийг Европын холбооны орнуудад олгосон. Үүний үр дүнд тус бүс нутагт 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхлээд байгаа юм.

Унгар улсын Засгийн газрын албан ёсны сайтад тус улсад 5-11 насны 69.000 хүүхэд вакцинжуулалтад хамрагдах төлөвтэй байна гэж мэдээлсэн байна. 5-11 насны хүүхдүүдийн вакцин хоорондын зай 21 хоног байна.

Мөн Европын холбооны орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахыг албадан шаардахгүй. Харин сайн дурын үндсэн дээр эцэг, эхийн зөвшөөрлөөр хийх юм байна.

Европын холбооны орнуудад 5-11 насны вакцинд хамрагдах 27 сая орчим хүүхэд байгаа тухай "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна. Хүүхдүүд коронавирусээр хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдол байхгүй ч хүндрэх эрсдэлтэй бусад хүмүүст санамсаргүй байдлаар халдвар тараадаг байна.

Испани, Герман зэрэг орнуудад коронавирусний тохиолдлын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байжээ. Вакцинжуулалтын кампанит ажил нь Грек, Итали зэрэг Европын холбооны бусад улс оронд үргэлжилж байна. Мөн АНУ энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн анхны улс юм. Уг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус улс 5-11 насны таван сая гаруй хүүхдийг вакцинд хамруулаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарт 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж эхэллээ   
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй