Шууд Chart

ЕХ: ОХУ-ын Вагнер компанид хориг арга хэмжээ авлаа

2021-12-15 14:06:23

Европын холбоо ОХУ-ын хувийн цэргийн гэрээт компани Вагнерт хориг арга хэмжээ авлаа. Тус холбооноос Вагнер группийг Ойрх Дорнод, Африк, Украинд хүний эрхийг зөрчсөн гэж буруутгасан байна.

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Сири дэх Вагнер группийг үүсгэн байгуулагч Дмитрий Уткин тэргүүтэй найман хүн, тус бүлэглэлтэй холбоотой газрын тосны гурван компанийн Европ дахь хөрөнгийг битүүмжилж, тус холбооны орнуудад зорчих хориг тавьжээ.

Энэ талаар ЕХ-ны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел, "Нэгдүгээрт. Малид болж байгаа улс төрийн шилжилтийн явцад саад учруулж байгаа хувь хүн, албан байгууллагуудад хориг арга хэмжээ авч байна.  Хоёрдугаарт. Вагнер групп нь, Украин, Сири, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан, Мозамбик зэрэг улсуудад хүний эрхийг ноцтой зөрчиж, тогтвортой байдлыг алдагдуулсан үйл ажиллагаатай явуулж байгаатай холбогдуулан хориг арга хэмжээ авч байна." гэв.

Вагнер группийн хөлсний цэргүүд нь  өөрсдийн ажиллаж байгаа улс орнуудаас гадна, ЕХ-ны 27 оронд аюул занал учруулж байна гэж ЕХ мэдэгдсэн юм. ЕХ-ны хууль тогтоогчид Вагнер группийг ОХУ-ын төрийг төлөөлөх байгууллага гэж үзэх ёстой гэжээ.

Мөн Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, "Вагнер компанийн эсрэг шууд хориг арга хэмжээ авахаар шийдсэн. Учир нь цэргийн гэрээт компани нэрийн ард, өөр ашиг сонирхол явагдаж байгаа юм." гэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн "Беларусьт Лукашенкогийн дэглэм ноёрхож, улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Одоогоор улсад 900 гаруй улс төрийн хоригдол байгаа" гэж ЕХ мэдэгдсэн юм. Тус холбооноос Ардчилсан Беларусийн төлөө тэмцэж байгаагаа илэрхийлж Беларусийн ард түмнийг дэмжиж, 30 сая евро буюу 33 сая доллараар санхүүжүүлэхээ  мэдэгдлээ.

Үүнээс гадна Франц, Герман тэргүүтэй улсууд Вагнер группийн дайчид Малид байгаа талаар мэдэгдэл гаргасан. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, "Вагнер групп нь шилжилтийн засгийн газрын урилгаар Мали улсад үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй бөгөөд ОХУ-ын засгийн газар үүнд оролцоогүй" гэж хариу мэдэгдэл хийсэн байна.


ЕХ: ОХУ-ын Вагнер компанид хориг арга хэмжээ авлаа  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй