Шууд Chart

Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

2021-12-10 13:00:46

Ажлаа хийж яваад шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо 300 орчим байгаа нь дээд амжилт тогтоож байна гэж олон улсын ашгийн бус байгууллага болох Нью-Йоркод төвтэй сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдлээ. Тодруулбал, "Хятад улс гурван жил дараалан дэлхийн сэтгүүлчдийн эрхийг зөрчигч улс хэвээр байна" гэж Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдээд тус улсад 50 сэтгүүлчийг цагдан хорьсон тухай дурдлаа. Түүний араас Мьянмарт 26, Египетэд 25, Вьетнамд 23, Беларусьт 19 сэтгүүлчийг ажлаа хийж явсных нь төлөө торны цаана суулгажээ.

Уг тайланд Бээжинг шүүмжилдэг Хонконгийн одоо татан буугдсан “Аппэл Дэйли” сониныг үүсгэн байгуулагч Жимми Лайг дурдсан байна. Түүнийг Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан юм.

Мөн энэ он гарсаар дор хаяж 24 сэтгүүлч хийсэн сурвалжилгынхаа улмаас амиа алдсан гэж Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдлээ.

Норвегийн Нобелийн хороо энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнээр ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов, Мария Ресса нарыг сонгосон. Тэд Засгийн газруудаа хатуу чанга шүүмжилдэг нийтлэлээрээ алдартай.

Нобелийн хороо "Ардчилал, мөнхийн энх тайвны угтвар нөхцөл болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тэдний хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч байна" гэдгээ мэдэгдсэн билээ.

Сонирхуулахад, Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол өнөөдөр Норвегийн нийслэл Осло хотноо болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй