Цагаан ордны Эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи “Одоогоор мэдэгдэж байгаа баримт, нотолгооноос үзэхэд Омикрон хувилбар нь бусад коронавирусний хувилбаруудтай харьцуулахад аюул багатай харагдаж байна. Гэхдээ үүнийг батлахад арай эрт байна” гэж мэдэгдлээ.
Тодруулбал, “Өмнөд Африкаас үзүүлж байгаа нотолгооноос харахад Омикрон хувилбар нь илүү өндөр халдвар дамжих чадвартай байна. Гэхдээ энэ бүх нотолгоо, мэдээллээс харахад Омикроны халдвар хүнд өвчний ангилалд багтахгүй” гэж Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Харин Өмнөд Африкийн эрдэмтэд Пфайзер вакцинаас үүсгэгдсэн дархлаа нь Омикрон хувилбарын эсрэг үр дүн муутай байгааг судалгааны үр дүнд илрүүлжээ. Өмнөд Африкт төвтэй Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн баг мягмар гарагт урьдчилсан судалгааны үр дүнг ийнхүү нийтэлсэн аж.
Эрдэмтэд Фпайзер вакцин хийлгэсэн 12 хүнээс цусны дээж авч, цусан дахь саармагжуулах эсрэг бие нь Омикроны тэсч үлдэх чадварыг устгаж чадах үгүйг шалгасан. Үр дүнд нь, анхны вирус болон бусад хувилбаруудтай харьцуулахад эсрэгбиетийг саармагжуулах үр нөлөө нь дөчний нэг болж буурсан болохыг тогтоожээ.
Мөн коронавирусний халдвар авсны дараа вакцин хийлгэсэн зургаан хүний тав нь эсрэгбиетийг саармагжуулах үйл ажиллагаа буурсан боловч дархлаа харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгааг тогтоосон байна. Энэ нь Өмнөд Африкийн эрдэмтдийн багийн урьдчилсан байдлаар хийсэн жижиг хэмжээний судалгаа бөгөөд бусад орны мэргэжилтнүүд хараахан баталгаажуулаагүй байгаа аж.
Харин Пфайзер болон Бионтек компани коронавирусний эсрэг вакциныг сайжруулснаар шинэ Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалалт болно гэж амлаад байна. “Гурав дахь тунг хэрэглэснээр энэ хувилбараас хамгаалах хамгаалалт сайжирна” гэж Пфайзер компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла лхагва гарагт мэдэгдлээ.
Тэгвэл Омикрон хувилбарын эсрэг вакцины үр дүн, вакцины тунгаас үүсэх эсрэг биетүүдийн шинжилгээний хариу ирэх долоо хоногт бэлэн болно гэж Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи мэдэгдсэн байна.
| Омикрон хувилбарын эсрэг вакцины үр дүнгийн шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна | ||
| Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.