ОХУ-ын Сибирийн бүс нутгийн Кемерово мужид нүүрсний уурхайд гал гарсны улмаас одоогийн байдлаар нас барсан хүний тоо нэмэгдсээр 52-т хүрчээ. Амиа алдсан уурхайчдын дунд аврах ажиллагааг 250 метрийн гүнд явуулж байсан 6 аврагч мөн байна. Тус уурхайд метаны хий дэлбэрч, улмаар уурхай хорт утаагаар дүүрч, энэ нь олон хүний аминд хүрэх шалтгаан болжээ гэсэн ослын эхний дүгнэлт гараад байна.
ОХУ-д сүүлийн 10 гаруйн жилийн түүхэнд тохиолдсон хамгийн том уул уурхайн осол боллоо гэж олон улсад мэдээлж байна.
Осол гарах үед уурхайн гүнд 285 хүн ажиллаж байснаас аврах ажиллагааг шуурхай явуулсны дүнд 200 гаруй хүнийг аварч чадсан байна. Одоогийн байдлаар 30 гаруй хүнийг аврах ажиллагаа явуулж байгаа боловч уурхайн цооног хорт утаагаар дүүрч, ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тухай ослын газарт ажиллаж байгаа албаныхан мэдээлж байна.
Кемерово муж нь нийслэл Москва хотоос зүүн зүгт 3500 км-ийн зайд оршдог, уул уурхайн олборлолтын гол бүс нутагт тооцогддог аж. Энэ мужид өмнө нь уул уурхайн хэд хэдэн удаагийн осол гарч байсан. Тухайлбал, 2004 онд уг мужид мөн уурхайд метан хий дэлбэрсний улмаас 13 хүний амь насаа алджээ.
Мөн 2007 онд 110 уурхайчны аминд хүрсэн уул уурхайн хамгийн том осол мөн л энэ мужийн уурхайд гарч байжээ. ОХУ-ын эрх баригчид 2016 онд 58 нүүрсний уурхайг шалгаж, 20 уурхайг аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
| ОХУ-д уурхайн ослын улмаас 50 гаруй хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.