Туркийн иргэд амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляци өсөж байгааг эсэргүүцэн Истанбул хотноо жагсаал зохион байгууллаа. Жагсагчид Ерөнхийлөгч Режеп тайип Эрдоганыг огцрохыг шаардсан бөгөөд өдрөөс өдөрт унаж байгаа лирийн ханш болон инфляцийн өсөлт, ажилгүйдлийг зогсоохыг шаардсан байна.
Тус улсын төв банк, инфляцийн өсөлттэй холбоотойгоор бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасны дараа лирийн ханш дахин унаж, хөрөнгө оруулагчид Турк улсаас татгалзаж эхэллээ. Ингэснээр тус улс валютын хямралд орж, инфляци болон импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна.
Улмаар Туркийн нийслэл Анкара, мөн Истанбул хотод эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөн юм. Эмх замбараагүй байдлын улмаас жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, 40 гаруй хүн баривчлагджээ.
Туркийн Аюулгүй байдлын ерөнхий газар, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасантай холбогдуулан нийгмийн сүлжээнүүдэд олон нийтийг жагсаалд уриалсан 271 хаягийг илрүүлсэн бөгөөд цагдаа нар интернэт орчныг хянаж, зөрчил гаргагчдын эсрэг арга хэмжээ мэдэгдсэн байна.
Туркийн үндэсний мөнгөн дэвсгэрт лирийн ам.доллартай харьцах ханш 15 хувиар унаад байна. Тэгвэл энэ он гарснаар Туркийн лирийн ханш нийтдээ 40 хувь унасан гэсэн үг. Харин зарим эх сурвалжид 70 хувь унасан ч гэж бичсэн байна.
Лирийн ханш өдрөөс өдөрт суларч байгаа нь тус улсын иргэдийн амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, худалдан авах чадвар илт буурч байна гэж жагсагчид бухимджээ. Эдийн засгийн шинжээчид болон сөрөг хүчнийхний зүгээс болж байгаа үйл явдалд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг буруутгаж байна.
Режеп Тайип Эрдоганы хувьд бодлогын хүүг бууруулахаар Төв банкинд шахалт үзүүлж, төв банкны даргыг албан тушаалаас нь чөлөөлж хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байна. Эдийн засагчид Ерөнхийлөгч Эрдоган бодлогын хүүгээ бууруулах нь инфляцийн өсөлттэй тэмцэж чадна гэсэн уламжлалт бус үзэл баримтлалтай явсаар ирсэн гэж шүүмжилж байгаа юм.
Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч жагсаал гарсан энэ үеэр удаан хугацаанд харилцаа муутай байсан Арабын Нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах хунтайж шейх Мохамед бин Заед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийхээр лхагва гарагт Анкарад хүрэлцэн ирсэн байна.
Тус уулзалтын дараа АНЭУ Туркийн эдийн засгийг дэмжих үүднээс 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулахаа мэдэгдээд байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах хунтайжийн айлчлал нь 2012 оноос хойш тус улсын Турк улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал болсон юм.
| Инфляцийн дарамтад орсон Туркийн иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.