ОХУ-аас Афганистанд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн эхний багц, 36 тонн хүнс, эм тариа, зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд Кабулд хүргэгдлээ. Харин тусламж хүргэсэн батлан хамгаалах яамны онгоцоор ОХУ-д суралцдаг Афганистан оюутнуудыг авч явах юм байна.
Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамны тусгай нислэгээр тус улсын онцгой байдлын яамныхны бэлтгэсэн их хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг Афганистан улс хүлээн авч байна. Хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хуваан хүргэх юм. Нийтдээ 100 тонн хүнс, эм, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд Афганистаны иргэдийн гарт хүрэх юм.
ОХУ-аас Кабулд суух элчин сайд уг тусламжийн барааг зорилтод бүлэгт нь буюу өлсгөлөнд нэрвэгдээд байгаа иргэдэд тараахаа мэдэгдээд байгаа. Тэрбээр, "Хүмүүнлэгийн тусламж одоо Афганистанд нэн чухал байна. Талибанчуудын хувьд, аливаа алдаа гаргах нь гадаадын хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулдаг гэдгийг ойлгож байна" гэжээ.
Элчин сайд Димитрий Жирновын мэдээлж байгаагаар ОХУ-ын их, дээд сургуулиудын 900 шахам Афганистан оюутныг үргэлжлүүлэн суралцахаар уг батлан хамгаалах яамны онгоцны буцах нислэгт бүртгүүлээд байна.
Наймдугаар сарын 25-аас 26-ны хооронд ОХУ-ын Батлан хамгаалах яам, Афганистанд суугаа тусламж хүссэн Орос, Беларусь, Киргизстан, Тажикстан, Узбекистан улсын иргэдийг эх оронд нь хүргэх нислэгийг Кабулаас үйлджээ. Энэ бол зүгээр нүүлгэн шилжүүлэлт биш, харин "Афганистаны цэрэг-улс төрийн байдал эрс өөрчлөгдөж байгаа энэ үед хүнд байдалд орсон хүмүүсийг эх оронд хүргэж өгөх тусламж гэж ОХУ-ын ГХЯ онцолж байсан байна.
Өнгөрсөн 8 дугаар сард АНУ Афганистанд 20 жил үргэлжлүүлсэн цэргийн үйл ажиллагааг зогсоож цэргээ гаргаснаар, Талибанчууд Афганистанд хяналтаа тогтоосон юм. Талибанчууд засгийн эрхэнд гарсан өнгөрсөн хугацаанд тус улсад олон зүйлс орвонгоороо эргэж, хүний эрх зөрчигдсөөр байна.
Одоогоор тус улсын хувь амын 90 орчим хувь нь ядууралд өртөөд байгаа аж. Талибанчуудын хувьд өнгөрсөн 10 дугаар сард Москва хотод айлчлах үеэрээ дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллахаа бэлэн гэж мэдэгдсэн. Харин барууны улс орнуудын хувьд хүний эрхийг дээдлэх шаардлагыг Талибанчуудад тавьсаар байгаа. Одоогоор тус улсад БНХАУ болон ОХУ-ын томоохон тусламжийн багцууд хүрээд байгаа юм.
| ОХУ Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна | ||
| Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.