Шууд Chart

Австри улс вакцинд хамрагдаагүй иргэдээ “гэрт нь” тусгаарлалаа

2021-11-15 13:44:40

Австри улс өнөөдрөөс эхлэн коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос дээш насны иргэддээ хязгаарлалтын арга хэмжээг авахаар боллоо. Одоогийн байдлаар тус улсын хүн амын 65 орчим хувь нь коронавирусний эсрэг вакцины 2 тундаа хамрагдаад байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Австрийн канцлер Александр Шалленберг вакцин хийлгээгүй хүмүүсийг гадуур гарч, олон нийтийн газруудаар явахыг нь хориглоод байна. Өнөөдрөөс эхлэн тус улсын 12-оос дээш насны вакцингүй иргэд хүндэтгэх шалтгаан буюу зайлшгүй гарах шаардлага үүсээгүй л бол гэртээ тусгаарлагдах юм.

Тус журмын дагуу цагдаагийн албан хаагчид гэртээ байгаа иргэд болон гадуур явж байгаа иргэдэд шалгалт хийж зохицуулах аж. Вакцин хийлгээгүй хүмүүст Австри улсын зугаа цэнгээний газрууд, ресторан, кафе, хоолны газрууд, үсчин, гэх мэт газрууд үйлчлэхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар тус улсад халдварын нөхцөл байдал хүндэрч, эрчим эмчилгээний тасгуудын 30 хувийг вакцингүй иргэд эзэлж байсан юм.

Австри улсын хувьд Европын бусад орнуудтай харьцуулбал халдварын нөхцөл байдал харьцангуй тогтвортой, вакцинжуулалтын түвшин өндөр байна. Европын бусад орнуудад коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, эрүүл мэндийн салбарууд хямарч эхлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европын зарим орнууд хөл хорио тогтоож эхэлсэн.

Тухайлбал, Нидерланд Норвеги улсууд  гурван долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа. Мөн Германы вакцинд хамрагдаагүй иргэд үсчин, кафе, фитнессээр үйлчлүүлэх эрхгүй болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австри улс вакцинд хамрагдаагүй иргэдээ “гэрт нь” тусгаарлалаа  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй