Өнгөрсөн амралтын өдрүүдээр Иракийн ерөнхий сайдын амийг хөнөөх оролдлого гарсны дараа тус улсын эрх баригчид Багдад хотын хамгаалалтыг чангатгаад байна. Энэ сарын 10-ний өдөр болсон парламентын сонгуулиас хойш Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийн дайралт эрчимжиж байна хэмээн ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн ажлын албанаас мэдэгдлээ.
Мөн Иракийн ерөнхий сайд Кадхими ням гарагт аюулгүй байдлын дээд командлагч нартай халдлагын тухай хэлэлцэж, хотынхоо аюулгүй байдлыг бүхэлд нь чангатгах үүрэг өгч байгаа видео бичлэгээ нийтэлжээ.
Ерөнхий сайд Кадхимигийн мэдээлж байгаагаар, террористууд Иракийн ногоон бүсэд байрлах түүний гэр лүү, гурван дроноор дайралт хийсэн гэлээ. Дайралтын улмаас ерөнхий сайдын хувийн хамгаалалтын албаны 6 гишүүн шархаджээ.

Тэсрэх бөмбөг тээвэрлэсэн гурван дроны 2-ыг нь хамгаалалтын албаныхан тосч устгасан бөгөөд нэг дрон нь ерөнхий сайдын гэрийг оносон байна. Харин халдлага болох үеэр Кадхими ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй бөгөөд одоогоор халдлагыг ямар бүлэглэл үйлдсэнийг хэлэхэд эрт байна гэжээ. Дроны цохилтод өртсөний дараа ерөнхий сайдын ажлын өрөө сүйдэж, гаражид байсан машин хэмхэрсэн зургуудыг олон нийтийн сүлжээнд дэлгээд байна. Аравдугаар сарын 10-ны өдөр болсон сонгуулийн дараа Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл парламентад нийт суудлынхаа гуравны хоёрыг алдсан юм.
Ираны дэмжлэгтэй бүлэглэлийнхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэж, жагсаал зохион байгуулсан нь эцэстээ мөргөлдөөн болж хувирсан. Мөргөлдөөний үеэр жагсагчид болон аюулгүй байдлын хүчнийхэн амь үрэгдэж, олон хүн шархадсан. Парламентад суудлаа алдсан Ираны дэмжлэгтэй бүлэглэл Иракийн засгийн газрын хүчинтэй мөргөлдсөнөөс хоёр хоногийн дараа ерөнхий сайд Кадхимигийн гэрийг онилсон халдлага болоод байна.
Иракийн ерөнхийлөгч Бархам Салих уг халдлагыг төрийн эргэлт гаргах гэсэн үйлдэл хэмээн онцолсон. АНУ, Саудын Араб, Иран улс уг халдлагыг буруушаасан мэдэгдэл гаргасан бөгөөд одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөр дээрээ хүлээгээгүй байна.
Багдадын оршин суугчид засгийн газрын ордон байрладаг “Ногоон бүсийн” ойролцоогоос тэсрэх бөмбөгний чимээ, хүчтэй буун дуу гарахыг сонсжээ. Багдадын иргэд уг халдлагыг буруушааж, улс төрийн байдлыг тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй хэмээн түгшиж байгаагаа илэрхийлцгээж байгаа аж.
| Иракийн ерөнхий сайдын амийг хөнөөхийг завджээ | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.