Шууд Chart

АНУ-ын конгресс 1.2 их наядын дэд бүтцийн төслийг баталлаа

2021-11-07 12:24:57

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдлаа. Конгресст олонхийн суудалтай ардчилсан намынхан олон сар сөргөлдсөний эцэст Жо Байдены мөрийн хөтөлбөрийг гол тулгуур болгон 1.2  их наяд долларын төсөвтэйгөөр баталсан юм.

Эцсийн санал хураалтад төлөөлөгчдийн танхимын 228 гишүүнээс 206  нь дэмжсэн санал өгчээ.  Ардчилсан намын гишүүдийн олонх нь дэмжсэн санал өгсөн ч 6 гишүүн нь эсрэг санал өгсөн байна. Харин төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдах намын 13 гишүүн уг хуулийн төслийг  дэмжсэн нь Ардчилсан намын гишүүдийн дунд удаан саатаж, маргаан дагуулсан уг хуулийн төсөл батлагдах нэг үндэс боллоо.

Одоогоор ерөнхийлөгч Жо Байден  гарын үсэг зурахад л уг хууль хэрэгжиж эхлэх юм.  Уг хуулийн төслийг өнгөрсөн 8 дугаар сард Сенатаар баталсан байна.  Энэхүү хуулийн төсөлд  зам гүүр, нийтийн тээвэр, төмөр зам, нисэх онгоцны буудал, усан онгоцны боомтууд, зэрэг дэд бүтцүүдэд ирэх 5 жилийн хугацаанд 550 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэнэ хэмээн тусгагджээ. Мөн өргөн зурвасын дэд бүтцийг сайжруулахад 65 тэрбум долларын хөрөнгө оруулалт, хийхээр тусгажээ.

Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн сүлжээг улсын хэмжээнд бий болгоход 7.5 тэрбум доллар зарцуулагдах аж. Үүнээс гадна ундны цэвэр ус, өндөр хурдны интернет, хүүхэд асрах үйлчилгээг сайжруулах зэрэг санхүүжилтийг тусгажээ. Энэ нь тус улсын дэд бүтцэд сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болох  юм.

АНУ-ын ерөнхийлөгч Байден мэдэгдэлдээ, "Өнөө орой бид улсынхаа ирээдүйд томоохон алхам хийлээ. 21 дугаар зууны эдийн засгийн өрсөлдөөнд “Америк ялалт байгуулсан”  гэдгийг одооноос хүмүүс мэдрэх болно" гэжээ. 

Энэ долоо хоногт болсон Виржиниа болон бусад мужуудын  амбан захирагчийн сонгуульд ардчилсан намынхан ялагдал хүлээсэн нь Жо Байдены рейтингийг нам дотор нь ихээхэн унагаасан. Харин рейтинг нь унасан ч хуулийн төслөө батлуулж чадсан нь түүний засаг захиргаанд болж байгаа томоохон үйл явдлын нэг юм. Жо Байден өнөөдөр Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси руу утсаар ярьж  дэд бүтцийн тухай хуулийн төсөл батлагдсанд баяр хүргэсэн хэмээн CNN онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгресс 1.2 их наядын дэд бүтцийн төслийг баталлаа  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй