Шууд Chart

"Дивали" баярын дараа Дели хотын агаарын чанар аюултай түвшинд хүрлээ

2021-11-06 14:34:15

Энэтхэг орон даяараа хинду шашны “Дивали” баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баялгийн бурхан Лакшмиг тахих уламжлалт баярыг энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, салют буудуулж, сүрэл шатааснаар агаарын чанарын үзүүлэлт эрс муудаж, Дели хотыг саарал манан бүрхжээ.

Өнөө өглөө гэхэд Дели хотод агаарын чанар аюултай түвшинд хүрсэн тухай мэргэжилтнүүд онцоллоо. "Дивали" баяр өнгөрсөн жил цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон байна. Тиймээс бүтэн жил өнжсөн шашны баяраа энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, их хэмжээний салют буудуулжээ.

"Дивали" баярын үеэр салхины хурд бага байсан тул хүмүүсийн буудуулсан салютны бохирдуулагч бодис агаар мандлын доод давхаргад үлдсэн байна. Харин хөрш зэргэлдээ хотод тариаланчид сүрэл шатааж, уламжлалт баяраа тэмдэглэжээ.

Ингэснээр Дели хотын агаар мандлын тоосонцор PM-2.5-ын агууламж нь шоо метр тутамд 999 буюу хамгийн дээд үзүүлэлт болсон гэж Засгийн газрын агаарын чанарын хяналтын мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Харин хэд хэдэн бүс нутгийн хэмжээнд PM-2.5 тоосонцор шоо метр тутамд 500-тай бүртгэгдсэн нь агаарын чанар муу гэсэн ангилалд оржээ. Гэвч зарим хүн "Хинду шашны баярыг гутаах гэсэн оролдлого. "Дивали"-гийн салют нь баяр ёслолын салшгүй хэсэг бөгөөд Дели хот жилийн турш агаарын бохирдол ихтэй байдаг. "Дивали" баяр үүнд хамаагүй" гэсэн сэтгэгдлүүдийг цахим орчинд илэрхийлсээр байна.

Энэтхэг бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс юм. Дэлхий дээрх хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт оршдог. Тус улсын хортой агаар жил бүр нэг сая гаруй хүний аминд хүрдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн жил Дели хотод жижиг тоосонцор PM-2.5-ын хамгийн өндөр концентраци бүртгэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн хязгаараас 14 дахин их байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Дивали" баярын дараа Дели хотын агаарын чанар аюултай түвшинд хүрлээ  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй