Шууд Chart

Жо Байдений “вакцины мандат” ажил олгогчдын эсэргүүцэлтэй тулгарч байна

2021-11-06 10:56:50

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений бүх нийтийг вакцинжуулах үйл ажиллагаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Бүх нийтийг албадан вакцинжуулж, коронавирусний шинжилгээнд хамруулж байгаа нь тус улсыг ажиллах хүчний дутагдалд оруулж байна гэж ажил олгогчид үзэж байна.

АНУ-ын Засгийн газраас 100 ба түүнээс дээш ажилтантай ААН-дэд ирэх оны нэгдүгээр сарын 4 гэхэд бүх ажилчдаа вакцинд хамруулах, эсвэл долоо хоногт нэг удаа коронавирусний шинжилгээнд хамруулах шаардлага тавьсан нь олон мужид жагсаал цуглаан гарахад хүргэлээ.

Хэрэв ажил олгогчид ажлын байранд тогтмол мөрдөгдөх журмыг зөрчсөн тохиолдолд 13.653-136.532 доллар хүртэл торгууль төлөх юм. Пүрэв гарагт хэд хэдэн бизнесийн бүлгүүд Ерөнхийлөгч Жо Байдений "вакцины мандат" нь зул сарын баярын үеэрх ид ачааллын үед бизнес эрхлэгчдэд дарамт учруулах болно гэж мэдэгдээд байна.

Мөн АНУ даяар ажиллах хүч хомсдоод байгаа нь албадан вакцинжуулалт болон торгуулиас үүдэлтэй хэмээн ажил олгогчид үзэж байна. АНУ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдах газраас гаргасан шинэ дүрмийн дагуу вакцинд хамрагдаагүй бүх ажилчид 12 дугаар сарын 5-наас амны хаалт зүүж эхлэх ёстой юм. Мөн ажил олгогч компаниуд вакцин хийлгэх ажилчдадаа цалинтай чөлөө олгох журам ирэх 12 дугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ. 

Энэхүү шийдвэрүүд нь Жо Байдений засаг захиргааны хамгийн зоригтой алхам бөгөөд “Вакцинд хамрагд. Үгүй бол санхүүгийн хямралд бэлд” гэсэн хоёрхон сонголтыг америкчуудад үлдээж байгаа юм. Хэрэв Жо Байдений төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 750.000 гаруй америкчуудын аминд хүрсэн тахал өвчнийг хяналтдаа авахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж Цагаан ордноос мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жо Байдений “вакцины мандат” ажил олгогчдын эсэргүүцэлтэй тулгарч байна  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй