Их Британи улс коронавирусний эсрэг ууж хэрэглэх анхны эм "Молнупиравир"-ыг албан ёсоор бүртгэж авлаа. Ингэснээр тус улс “Молнупиравир” эмийг бүртгэж авсан анхны улс болсон байна.
Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газраас коронавирусний эсрэг “Молнупиравир” эмийг халдварын эхэн үе, хөнгөн болон дунд зэргийн өвчлөлийн үед ууж хэрэглэхийг зөвлөөд байна. Энэ эмийг коронавирусний шинжилгээ эерэг гарснаас хойш тав хоног дараалан өдөрт хоёр удаа ууж хэрэглэхэд коронавирусний шинж тэмдэг бүрэн арилсан байна.
Мөн "Молнупиравир" эмийн эмнэлзүйн туршилтаар өвчний эхэн үед уулгавал коронавирусний халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг хоёр дахин бууруулж байгаа нь тогтоогджээ.
Английн Үндэсний эрүүл мэндийн байгууллагын захирал, профессор Стивен Пауис "Их Британид халдварын нөхцөл байдал огцом өсч өмнө нь байгаагүй хар өвөлтэй нүүр тулах эрсдэлтэй байна. Харин эмнэлзүйн хувьд өндөр үр дүнтэй, зардал бага "Молнупиравир" эм нь хэрэглээнд өргөнөөр нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Өнөөг хүртэл хийсэн судалгаагаар "Молнупиравир" эм нь коронавирусний бүх хувилбарын эсрэг, нэн ялангуяа дельта вирусний эсрэг өндөр үр дүнтэй болох нь батлагдсан гэж тус эмийг үйлдвэрлэгч "Мерск" компаниас мэдэгдсэн юм.
Дэлхий даяар 5.2 сая гаруй хүний аминд хүрсэн цар тахалтай тэмцэх гол найдвар зөвхөн вакцин гэж эрдэмтэд үзэж байна. Харин коронавирусний эсрэг зориулагдан гарсан "Молнупиравир" эм хэрэглээнд нэвтэрснээр дахин нэг сонголт хүн төрөлхтний өмнө гарч ирж байна гэж судлаачид үзэж байна.
"Одоо бид Засгийн газар болон Үндэсний эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эмийн эмчилгээг өвчтөнүүдэд яаралтай хүргэхээр ажиллаж байна. Тэр дундаа таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчтэй, мөн 60-аас дээш насны халдвараар хүндрэх эрсдэлтэй хүмүүст хүргэх хэрэгтэй. Ингэснээр бид вакцинжуулсан хүн амд вирусний эсрэг эм хэрхэн нөлөөлж байгаа дээр илүү их мэдээлэл цуглуулж чадна" гэж профессор Стивен Пауис мэдэгджээ.
Харин АНУ-ын зөвлөхүүд 11 дүгээр сарын 30-нд хуралдаж, эмийн аюулгүй байдал, үр дүнтэй байдлын талаарх мэдээллийг хянаж, "Молнупиравир" цаашид хэрэглэхийг зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураана гэлээ.
"Мерск" компани энэ оны эцэс гэхэд 10 сая ширхэг эм үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ирэх 2022 онд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж 20 сая ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Их Британи "Молнупиравир" эмийг бүртгэсний дараа АНУ-д төвтэй "Мерск" компанийн хувьцаа пүрэв гарагт 2.1 хувиар өсч нэгж хувьцааны үнэ 90.54 ам.долларт хүрч хаагдсан байна. Мөн "Pfizer" болон "Roche" компаниуд "COVID-19"-ийн эсрэг хэрэглэхэд хялбар эм бүтээхээр уралдаж байна.
| Их Британи “Ковид-19”-ийн эсрэг анхны эм “Молнупиравир”-ыг албан ёсоор бүртгэлээ | ||
| Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.