АНУ биотехнологийн Пфайзер, Германы бионтех компанитай хамтран гаргасан коронавирусний эсрэг вакциныг 5-11 насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрлөө. Америкийн Хүнс, эмийн удирдах газар, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтэн эрдэмтэд пфайзер вакциныг хүүхдэд хийхийн ашиг тус, эрсдэлийг тооцож, судалсны үндсэн дээр уг вакциныг 5-аас дээш насны хүүхдэд хийхийг албан ёсоор зөвшөөрчээ. Вакцинжуулалтыг ирэх 7 хоногт эхлэх төлөвтэй байна.
Америкийн Хүнс, эмийн удирдах газрын хийсэн судалгаагаар пфайзер вакцин бага насны хүүхдийг цар тахлын халдвараас 91 хувийн үр дүнтэй хамгаалж байгаа нь тогтоогджээ. Судалгааны үеэр мөн хүүхдэд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. АНУ одоогоор 12-оос дээш насны хүүхдэд пфайзерын вакциныг зөвшөөрч хийж байгаа. Харин одоо пфайзерын вакциныг хийх насны хязгаарыг бууруулснаар Америкийн 28 сая гаруй хүүхдийг уг вакцинд хамруулах юм байна.
5-11 насны хүүхдэд пфайзер вакцины насанд хүрэгчдэд хийж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар хийх юм. Үүнээс гадна бага насны хүүхдийг вакцинд хамруулах зөвшөөрөл гарахтай зэрэгцээ эм ханган нийлүүлэгчид болон эмч нарт ложистикийн шинэ сорилт тулгарч байна.
Тухайлбал, хүүхдэд таарах тариурын жижиг зүү шаардлагатай болсноос гадна хүүхдэд эхний тунг хийснээс гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг тарих юм.
Америкт одоогоор 5-11насны 1,8 сая хүүхэд коронавирусний халдвар авсан байна. мөн цар тахлын улмаас 200орчим хүүхэд нас барж, мөн тооны хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. Одоогоор Америкийн эмч мэргэжилтнүүд хэвийн амьдралдаа эргэн орохын тулд бага насны хүүхдийг коронавирусний вакцинд хамруулах шаардлагатай гэдэг дээр маргаж байна. зарим нь коронавирусний дельта хувилбар тархаж байгаа ийм үед бага насны хүүхдийг вакцинд хамруулах нь маш чухал алхам гэж үзэж байна.
Саяхан явуулсан судалгаагаар Америкийн эцэг эхчүүдийн гуравны нэг нь хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байдлыг түр харзнах сонирхолтой байгаа бол зарим нь хүүхдэдээ нэн даруй вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
| АНУ 5-11 насны хүүхдэд “Пфайзер” вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.