ОХУ-аас БНХАУ-ын зүүн хойд мужуудад нийлүүлж байгаа эрчим хүчний экспорт сүүлийн хэдэн 7 хоногт эрс нэмэгджээ. Цаашид эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийн асуудлаар хоёр тал зохицуулалт хийвэл цаашид эрчим хүчний импортыг нэмэгдүүлэх боломжтой гэж Хятадын эрчим хүчний мэргэжилтэн мэдээлсэн байна.
Хятадын Глобал Таймс цахим хуудсанд Хятад Оросын хооронд эрчим хүчний ялангуяа газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагаа өсөж байгааг онцолжээ. Оросын эрчим хүчний Интер Рао групп Хятадын хүсэлтээр 11 дүгээр сар гарснаас хойш Хятадад нийлүүлэх эрчим хүчний экспортоо хоёр дахин нэмэгдүүлсэн тухайгаа даваа гарагт мэдэгдсэнийг хэвлэлүүд иш татан мэдээлжээ.
Хятадын талаас хүссэн эрчим хүчний импортын хэмжээ нь сард 555 сая киловатт байхаар заасан юм байна. Хятадын зүүн хойд мужууд эрчим хүчний хомсдолтой тулгарсан 10 дугаар сарын эхэн үед Оросын интер Рао групп Хятад руу жилд нийлүүлдгээсээ давсан хэмжээгээр экспорт хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Интер Рао группийн 10 дугаар сард Хятад руу экспортолсон эрчим хүч төлөвлөснөөсөө 90 хувиар нэмэгдсэн юм байна. Хятад улс Оросын олон жил эрчим хүч импортолж ирсэн. Оросын эрчим хүчний компаниудын санал болгосон үнэ өндөр байснаас үүдэн импортолж байгаа хэмжээ бага байж ирсэн гэж Хятадын эдийн засгийн судлаач онцолжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Хятад улс зүүн хойд мужууд нь нүүрсний дийлэнх уурхайгаа хаасны улмаас хөрш зэргэлдээ мужуудынхаа нүүрснээс хамааралтай болж улмаар Монгол, Орос зэрэг орнуудаас эрчим хүч импортоор авч байна. Одоогоор Хятадын зүүн хойд мужуудад төвлөрсөн нүүрсний нөөц 12,5 сая тоннд хүрч, өнгөрсөн 9 дүгээр сарынхаас 6 сая тонноор нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийн түвшингөө барьж байгааг Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.
Хятадын эрчим хүч судлаачид Оросын эрчим хүчний импортын үнийн өсөлт түр зуур үргэлжлэх болов уу, хомсдол арилсны дараа үнэ нь буурах байх гэсэн таамаг дэвшүүлж, газрын тос, байгалийн хий ирээдүйд Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны гол тулгуур хэвээр байна гэж үзэж байна.
| ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн эрчим хүчний экспорт нэмэгджээ | ||
| Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.