Шууд Chart

Индонез Новавакс компанийн коронавирусний вакциныг зөвшөөрсөн анхны улс болов

2021-11-03 13:55:13

Индонезийн Засгийн газар АНУ-ын биотехнологийн Новавакс компанийн гарган авсан коронавирусний эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор хэрэглэх зөвшөөрөл олголоо.

Ингэснээр Индонез улс Новавакс компанийн коронавирусний эсрэг вакциныг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болж байна.

Дэлхийд хүн амын тоогоор  дөрөвдүгээрт ордог Индонез улс Новаваксын коронавирусний вакциныг нь зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон төдийгүй хүн амдаа хүрэлцэхүйц вакцин худалдаж авах, нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж вакцин үйлдвэрлэгч компанийн зүгээс мэдэгджээ.

Новаваксын вакцин нь коронавирусний гадаргуу дээр байдаг ижил төрлийн уураг агуулсан рекомбинант уургийн вакцин юм байна. Уг вакцины уургийг генийн рекомбинант технологиор зохиомлоор гарган авсан аж. Энэхүү вакцин коронавирусыг эсэргүүцдэг эсрэг биет үүсгэдэг юм байна. Новавакс компани энэхүү вакцин нь АНУ болон Мексикт хийсэн эмнэлзүйн туршилтуудаар өвчин хүндрэхээс хамгаалж байгаа нь батлагдсан гэж мэдээлжээ.

Индонез улс 200 гаруй сая хүн амынхаа 70 гаруй хувийг коронавирусний вакцинд хамруулах зорилт тавьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 36 орчим хувийг коронавирусний вакцинд бүрэн хамруулжээ.

Мөн одоогоор Япон улсын засгийн газар АНУ-ын биотехнологийн Новавакс компаниас 150 сая тун вакцин худалдаж авахаар гэрээ байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез Новавакс компанийн коронавирусний вакциныг зөвшөөрсөн анхны улс болов   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй