Шууд Chart

Шинэ Дели хотын сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

2021-11-03 11:53:39

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын сургуулиуд олон сарын дараа сурагчдаа хүлээн авч байна. Тус улсад "Ковид-19" цар тахлын халдварын улмаас сургуулиудын үйл ажиллагааг 19 сарын хугацаанд хаасны эцэст даваа гарагаас сургуулиудын хичээл танхимаар орж эхэлжээ.

Өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших цар тахлын хөл хорио, хязгаарлалтын энэ хугацаанд Шинэ Дели хотын сургуулиуд хичээлээ зөвхөн цахимаар орж байжээ.

Сургуулиудын хичээл танхимаар орж эхэлсэнд зарим эцэг эх хүүхдүүдээ цар тахлын халдвар авах вий гэж санаа зовниж, сургуульд нь явуулах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ Энэтхэгийн эрүүл мэндийн болон боловсролын яам нь сургуулиудыг халдвар тараахгүй, аюулгүй орчин байлгахын тулд хатуу дүрэм журмаар зохицуулалт хийж байгаа юм.

Харин сурагчид нэг жил гаруйн хугацаанд ангийнхаа найз нөхөд, багш нартайгаа уулзах боломжгүй, цахимаар хичээллэж байсан учраас сургуульдаа ирж, танхимаар хичээл орж байгаад баяртай байгаа аж. Энэ онд "Ковид19" цар тахлын давлагаанд өртсөн Энэтхэг улсад одоо иргэдийн аж амьдрал эргээд хэвийн байдал руугаа аажмаар орж байна.

Өнгөрсөн 5 дугаар сард өдөрт цар тахлын халдварт 400 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байсан Энэтхэг улсад халдварт тохиолдлын тоо 20 мянгаас доош буурчээ.

Гэхдээ зарим иргэд нь энэ сард болох Хинди шашны баярын улирал эхэлж байгаа учраас цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдэх вий гэж санаа зовниж байгаа гэнэ.

Учир нь, өнгөрсөн оны эхээр Энэтхэгт шашны баярын үеэр иргэдийн бөөгнөрөл хэдэн долоо хоног үргэлжилж, улмаар 5 дугаар сард цар тахлын халдвар давлагаалсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Дели хотын сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй