Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сард 33 метр хүртэлх гүнтэй, ойролцоогоор 25 метр диаметртэй “C17” нэртэй тогоо бий болсноор, Ямалын хойгт нийтдээ 17 тогоо бүртгэгдсэн.
Хамгийн анх 2014 онд эхний тогоог олж нээсэн байдаг. Евгений Чувилин тэргүүтэй Сколовогийн нэрэмжит Москвагийн шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэд яг юунаас болж газрын гадарга дээр олон тооны үл мэдэгдэх тогоонууд бий болж байгааг судалж эхэлжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, дэлхийн дулаарлаас үүдэлтэй мөнх цэвдгүүд хайлж, нэгэн цагт хад шиг хатуу байсан хөрс зөөлөрснөөр, метан болон бусад төрлийн хий газрын хөрсөнд хуримтлагджээ. Ингэснээр газрын гадарга дээш түрэн дэлбэрч олон тооны тогоо үүссэн байж болзошгүй. Гэхдээ үүнийг болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэхийг бүрэн нотлоход эрт байна хэмээн мэдэгджээ.
ОХУ 2020 онд 12,897 кт метан үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт ялгаруулалтын 16.9 хувьтай тэнцэж байна хэмээн тус улсын Эрчим хүчний агентлагаас мэдээлсэн. Харин АНУ-ын хувьд 12,286 кт метан буюу дэлхийн ялгаруулалтын 16.1 хувийг үйлдвэрлэжээ. Метан хийн 40 орчим хувь нь устай намгархаг газар болон бусад байгалийн эх үүсвэрээс гардаг ч, гол шалтгаан нь хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа гэж “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх” Засгийн газар хоорондын комисс мэдэгдлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Их хорь”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ “ОХУ-д дэлхийн дулаарал илүү мэдрэгдэж, мөнх цэвдгүүд хайлж байна. Дэлхийн улс орнууд метан хийн ялгаруулалтыг хоёр дахин бууруулж чадвал 2050 он гэхэд дэлхийн дундаж температур 0.18 градусаар буурах болно” хэмээн мэдэгдсэн.
| ОХУ-ын эрдэмтэд Ямалын хойгт үүссэн 17 “тогоо”-г судалж байна | ||
| Үзсэн: 2499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.