Шууд Chart

Японы парламентын доод танхимыг сонгох санал хураалт эхэллээ

2021-10-31 13:54:02

Японы ард иргэд парламентын доод танхимын ээлжит сонгуульд саналаа өгч байна. Энэ удаагийн сонгууль эрх баригч эвслийн "Ковид-19" цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бусад нийгэмд чиглэсэн шийдвэрүүдэд Японы ард иргэд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг илэрхийлнэ гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар парламентын доод танхимын 465 суудлыг шинээр бүрдүүлнэ. Сонгогчид нэг мандаттай 289 тойргийн аль нэгийнх нь нэр дэвшигчид саналаа өгөх юм. Бусад 176 суудлыг хувь тэнцүүлэх байдлаар сонгох юм байна. Японы ерөнхий сайд Фумио Кишида засгийн эрхийг аваад хэдхэн долоо хонож байна.Тэрээр хэрвээ эрх баригч Либерал демократ нам болон эвслийн түнш Комейто нам олонхийн суудлаа хадгалбал үүнийг ялалт гэж үзнэ хэмээн мэдэгджээ.

Эрх баригч Либерал Ардчилсан нам болон түүний түнш Комейто намын хувьд энэ удаагийн сонгуулиар дийлэнх олонхийн байр сууриа хадгалахыг зорьж байна. 233 суудал авч байж парламентад олонх болно. Өмнөх парламентад 305 суудалтай олонх болж байсан. Нөгөө талд сөрөг хүчний намууд эрх мэдлээ бэхжүүлэх стратеги баримталж байна.

Сөрөг хүчнийхэн сонгогчдын саналыг хуваахаас зайлсхийх үүднээс нэг мандаттай олон тойрогт нэр дэвшигчдээ нэгтгэж оруулж байгаа ажээ. Энэ удаагийн сонгууль нь ерөнхий сайд Фумиог ерөнхий сайдын албаа авснаас 27 хоногийн дараа, төлөөлөгчдийн танхимыг тарааснаас хойш 17 хоногийн дараа болж байгаагаараа онцлог юм.

Дэлхийн 2-р дайнаас хойш Японы ерөнхий сайд сонгогдож, доод танхимыг тарааснаас хойш хамгийн богино хугацаанд явуулж байгаа анхны сонгууль юм байна. Япон улс даяар сонгуулийн санал авах байрууд үдшийн 20 цагт санал авах үйл ажиллагааг хааснаар санал тоолох ажиллагаа эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы парламентын доод танхимыг сонгох санал хураалт эхэллээ   
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй