ОХУ-д коронавирусний халдвар болон нас баралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ хэрээр хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгааг Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн юм.
Тэрбээр “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Нийслэлд өдөр бүр 1000 орчим хүүхэд коронавирусний халдвар авч байна. Өмнө нь халдвар авсан хүүхдийн тоо 200-300-гийн хооронд хэлбэлзэж байсан. Архаг суурь өвчтэй хүүхдүүд коронавирусээр халдварлах хамгийн хэцүү байдаг. Үүнээс үүдэн хүүхдийн эндэгдэл ч нэмэгдсээр байна" гэлээ.
Хотын даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова халдвар авсан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгөх үеэрээ "Улсын хэмжээнд 60 мянга гаруй хүүхэд коронавирусний халдвар авсан бөгөөд тэдний тал хувь нь цочмог шинж тэмдэгтэй байгаа"-г онцлон тэмдэглэжээ.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-д нас баралт болон коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо рекорд тогтоож байна. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавирусний халдварын улмаас 1163 өвчтөн нас барсан гэж өдөр тутмын тоон мэдээлэлд дурджээ.
Тус улс коронавирусний тархалтыг тогтоон барих үүднээс 10-р сарын 30-наас 11-р сарын 7-ныг хүртэл “ажлын бус өдөр” болгон зарласан юм. Харин ОХУ-ын бүс нутгууд энэ дэглэмийг сунгах магадлалтай. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин “ажлын бус өдрүүдийг” сунгах эрхийг мужийн захирагч нарт өгсөн юм.
Коронавирусний халдвар, хүндрэл, нас баралтаас хамгийн найдвартай хамгаалах хэлбэр нь вакцинжуулалт гэдгийг тус улсын эрх баригчид сануулсаар байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко вакцины хоёр тунтай хүн коронавирусний халдвараар хүндэрсэн тохиолдол нийт өвчлөлийн 0.03 хувиас бага байна гэж онцолсон юм.
| ОХУ-д коронавирусний халдварын улмаас хүүхдийн эндэгдэл өсч байна | ||
| Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.