Шууд Chart

Суданы асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж эхэллээ

2021-10-28 11:28:37

Судан улсад төрийн эргэлт гарч, онц байдал тогтоосон асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж байна. Харин Африкийн холбооноос, тус улсад шилжилтийн засгийн газрын үйл ажиллагаа эргэн сэргэтэл, Суданы эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байх болно гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Суданд гарсан төрийн эргэлт нь тус улсыг Африк тивийн хамгийн тогтворгүй бүс болгож байна хэмээн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүд үзэж байна. Цэргийнхний явуулж байгаа дарангуйллын үйл ажиллагаа нь Суданы ардчилалд заналхийлж, ард түмний энх тайван байдалд шууд халдаж байгаа хэрэг юм хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын орлогч төлөөлөгч Жуниор Ричард Миллс онцоллоо.

Суданы огцорсон засгийн Ерөнхий сайд Абдалла Хамдок 30 жилийн дарангуйлал дор тусгаарлагдсан улсынхаа эдийн засгийг сэргээх, олон улсын хамтын нийгэмлэгт дахин нэгдэх зорилготой хэд хэдэн шинэчлэлийг эхлүүлж байжээ. Харин Африкийн холбоо Суданд төлөөлөгчдөө илгээж, сөргөлдөгч талуудтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тус улсын ард иргэд цэргийн дарангуйллын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд долоон хүн амиа алдаж, 140 орчим хүн шархадсан байна. Цэргийн нийслэл Хартум хотын айлуудаар явж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийг баривчилсаар байгаа аж.

Төрийн эргэлт гарсны дараахан тус улсын төв банк үйл ажиллагаагаа зогсоож, эмч нар яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд цэргийн эмнэлгүүдэд ажиллахаас татгалзаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор Суданы олон улсын нислэгүүд зогсож интернет, утасны сүлжээ тасарсан хэвээр байна.

2019 онд Судан улсыг 30 жил удирдсан Омар Хассан Аль Баширыг тус улсын батлан хамгаалахын сайд огцруулж, 3 сарын хугацаатай онц байдал зарлаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суданы асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж эхэллээ  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй