ОХУ Афганистаны төрийн эрхийг авсан Талибан хөдөлгөөнтэй Москва хотноо хэлэлцээ эхлүүллээ. Тус хэлэлцээрт Хятад, Пакистан зэрэг 10 орны төлөөлөгчид оролцож байна. Энэ нь Талибан хөдөлгөөний хувьд 8 дугаар сарын дундуур Афганистаны төрийн эрхийг авснаас хойш олон улстай хийж байгаа томоохон яриа хэлэлцээний нэг юм.
Москва Талибан хөдөлгөөнийг урьж, яриа хэлэлцээ хийж байгаа нь Афганистан дахь нөлөөгөө бэхжүүлэх, Исламын улс алан хядагч бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлах арга замыг эрэлхийлж байгаа алхам гэж ажиглагчид үзэж байгаа. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин Исламын улс бүлэглэлийн 2 мянган дайчин улс оронтой нь хил залгаа хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудыг үймүүлэх гэж Афганистаны хойд нутагт цугласан гэж өнгөрсөн 7 хоногт анхааруулсан.
Өөрөөр хэлбэл Исламын улс бүлэглэл дайчдаа дүрвэгч нэрээр Төв Азийн орнууд руу илгээхээр төлөвлөж байна гэж Орос үзэж байна. Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхийг авснаас хойш Орос-Афгантай хил залгаа Төв Азийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилтууд хийж байгаа юм.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров Москвагийн энэ уулзалтын нэг зорилго нь хүмүүнлэгийн хямрал бий болохоос сэргийлэх гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг дэмжихэд чиглэсэн гэж мэдэгдлээ.
Мөн Афганистанд “Хамтын засгийн газар” байгуулах нь Москвагийн уулзалтын хэлэлцэх гол асуудлын нэг, хэлэлцээнд оролцогч талууд хамтарсан мэдэгдэл гаргахаар зорьж байгааг мэдэгджээ. Талибан хөдөлгөөнийг Орост алан хядагч байгууллага гэж үздэг боловч сүүлийн жилүүдэд Москва Талибаны төлөөлөгчдийн хэд хэдэн удаа хүлээн авч уулзалт хийж байсан юм.
Москвад болж байгаа энэхүү уулзалтад Талибан хөдөлгөөний төлөөлөгчдийг Афганистаны шинэ засаг захиргааны орлогч сайд Абдул Салам Ханафи тэргүүлж байна. Тэрбээр өнгөрсөн 7 хоногт Европын холбоо болон АНУ-тай яриа хэлэлцээ хийсэн. Мөн Анкарад Талибан Туркийн хооронд болсон яриа хэлэлцээнд оролцсон юм.
Талибаны Европын холбоотой хийсэн уулзалтын дараа Брюссель Афганистаны хүмүүнлэгийн хямралыг зогсоохын тулд нэг тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ амлаад байна.
| ОХУ Талибан хөдөлгөөнийг оролцуулан олон улсын уулзалт зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.