ОУВС Афганистаны эдийн засгийн уналт хөрш улс орнуудад нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Афганистаны эдийн засгийн хүндрэл хөрш орнууд болон Турк, Европт дүрвэгсдийн хямрал үүсгэх төлөвтэй байна гэж ОУВС үзэж байна. Тэдний тооцоолсноор Афганистаны эдийн засаг энэ онд 30 хувиар буурах төлөвтэй байгаа аж.
Эдийн засгийн энэ хүндрэл Афганистаны олон сая хүний ядууралд оруулж, хүмүүнлэгийн хямралд хүргэх эхлэл тавигдаж байна. Афганистаны иргэд дүрвэснээр эдийн засгийн байдал нь сайн биш байгаа хөрш орнуудад нь дарамт болно. Тухайлбал хөрш Тажикстан олон улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй бол нэмж дүрвэгч хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Улс орнууд Афганистаны гадаад хөрөнгийг царцаасан, хүмүүнлэгийн бус тусламж дэмжлэг зогссон, бэлэн мөнгөний урсгал хумигдсан зэрэг нь Афганистаны эдийн засгийг хүндрүүлэх гол хүчин зүйлс болж байна. Одоо Афганистанаас хэчнээн хүн дүрвэх нь тодорхойгүй байгаа боловч хэрвээ олон саяар тооцвол тэднийг хүлээж авахад Тажикстанд 100 сая ам.доллар, Пакистанд 300 сая долларын зардал гарна гэж ОУВС урьдчилан таамаглажээ.
Афганистан нь гаднаас их хэмжээний тусламж авдаг улс. Их Британийн засгийн газрын тооцоолсноор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2001-2009 онд Афганистанд 65 тэрбум долларын хандив өгсөн байна. Өнгөрсөн 7 хоногт 20-ийн бүлгийн том эдийн засгууд Афганистаныг эдийн засгийн дампуурал зарлахаас сэргийлэх үүднээс тус улсад олон тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа юм.
| ОУВС: Афганистаны эдийн засгийн хүндрэл хөрш орнуудад нь нөлөөлж болзошгүй | ||
| Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.