БНХАУ-ын аж үйлдвэрлэл 3.1 хувиар өссөн нь 9 дүгээр сард тооцоолж байснаас хэт доогуур үзүүлэлт болжээ. Тус улсын аж үйлдвэрлэлийн өсөлтийг Ройтерс агентлаг 4.5 хувьтай байна хэмээн тооцоолж байсан юм. Мөн ДНБ-ий 4.9 хувийн өсөлт нь хүлээлтэд хүрээгүй муу үзүүлэлт болж, эдийн засаг саарах хандлагатай байгааг зарим шинжээчид дүгнэлээ.
Харин БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Фу Лингхуй “Энэ оны гуравдугаар улирал эхэлснээс хойш эдийн засагт олон сорилт, эрсдэл тулгарсан” гэлээ. БНХАУ 9 дүгээр сард нийт мужийнхаа талаас илүү хувийг эрчим хүчээр хязгаарласан нь томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, аж үйлдвэрлэлийн өсөлт тооцооллоос доогуур гарсан байна. БНХАУ-ын эрх баригчид эрчим хүчний хямралаас гарахын тулд цахилгааны тарифыг 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, энэ нь хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр тус улсын аж үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл шууд нэмэгдэж, түүхий эдийн үнийг тогтворжуулах сайн талтай хэмээн зарим эдийн засагчид дүгнэж байна. Гэхдээ энэ оны 4 дүгээр улиралд БНХАУ-ын эдийн засаг улам удаашрах төлөвтэй байна. Учир нь үл хөдлөхийн салбараас тус улсын эдийн засагт оруулдаг мөнгөн дүн буурсан гэж статистикийн тайлан мэдээлэлд дурдсан юм.
Тус тайланд мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт 7.9 хувьтай байх хүлээлттэй байсан. Гэвч энэ оны эхний гурван улиралд төсөөлж байснаас харьцангуй сул өсөлт ажиглагджээ. “Жи пи Морган” банкны зах зээлийн стратегич Чаопин Жуны тайлбарлаж байгаагаар "Зээлийн нөхцөл хүндэрснээр, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан” байна.
Түүний тооцооллоор үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн 9 дүгээр сард 2.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Цахилгаан эрчим хүчний хомсдол, үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн өсөлт зэргээс үүдэн БНХАУ-ын ДНБ-ий бүтэн жилийн үр дүнгийн урьдчилсан тооцоолол ийнхүү буураад байна. Эдийн засагч Брюс Пангийн үзэж байгаагаар, Хятадын эдийн засаг оны эхний улирлуудад сэргэж байсан ч гуравдугаар улиралд буурч, дөрөвдүгээр улирлын сүүлээр бүүр ч удаашрах төлөв ажиглагдаж байна. Үүнд дэлхий нийтийг хамарсан цар тахал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ч нөлөөлж байна гэлээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын арга хэмжээнээс үүдэн тус улсын автомашины борлуулалт дөрөв дэх сардаа буурч байна.
Харин 9 дүгээр сард жижиглэнгийн худалдааны өсөлт хүлээлтийг давж 4 хувиар өссөн байна. “Ройтерс” агентлаг тус улсын жижиглэн худалдааны өсөлтийг 3.3 хувьтай байна хэмээн таамаглаж байсан юм.
| БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар 3.1 хувиар өслөө | ||
| Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.