Шууд Chart

ОХУ Нато дахь байнгын төлөөлөгчийн газраа хаахаар боллоо

2021-10-19 12:58:24

НАТО-ийн энэ үйлдлийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгдэл хийсэн бөгөөд байнгын төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг ирэх 11 дүгээр сарын 1-н гэхэд зогсооно гэлээ.  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “НАТО тэнцүү яриа хэлэлцээ хийх, хамтарсан үйл ажиллагаа явуулах сонирхолгүй байна. Мөн ойрын ирээдүйд хамтын ажиллагаа хийх боломжтой мэт дүр эсгэх шаардлагагүй. Ийм үйл ажиллагаа явуулж чадахгүй гэдгээ НАТО аль хэдийн харууллаа” гэж мэдэгдсэн юм.

Саяхан НАТО-ийн удирдагчид ОХУ-тай харилцаагаа сайжруулахын ач холбогдлын талаар онцолж, Орос-НАТО-гийн зөвлөлийн хүрээнд яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг уриалж байсан юм. Мөн ОХУ Брюссельд суух төлөөлөгчөө илгээсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко энэ сарын эхээр онцолж байсан билээ. Гэтэл эргээд асуудал хурцдаж сар хүрэхгүй хугацааны дараа талуудын хамтын ажиллагаа зогсож байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

Мөн асуудал үүгээр дууссангүй. Даваа гарагт ОХУ хариу арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэхтэй зэрэгцэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Тбилисид айлчлан Гүржийн Ерөнхий сайдтай уулзалт хийсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Гүржид хийсэн айлчлал нь үр дүнд хүрч, тус улс “НАТО-той хамтран ажиллах" шинэ санаачилгад гарын үсэг зурсан байна. Шинэ санаачилга нь Гүржийн газар нутаг тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж талууд мэдэгдэлд дурдсан юм. ОХУ 2008 онд Өмнөд Осет, Абхазид довтолсон. Энэ хоёр муж нь Гүржийн нийт нутаг дэвсгэрийн 20 хувийг эзэлдэг бөгөөд өнөөг хүртэл эзлэгдсэн хэвээр байна. Тиймээс энэ санаачилга нь Гүржийн Батлан хамгаалахын бэлэн байдлын хөтөлбөрийн өргөтгөл юм хэмээн уулзалтын дараа талууд онцолсон.

Харин Ллойд Остин “Гүржид хийсэн айлчлал нь "Оросын түрэмгийллийн эсрэг Америкийн холбоотон түншүүддээ үзүүлэх туслалцаа юм” гэжээ. Энэхүү айлчлал болон айлчлалын дараах талуудын хамтарсан мэдэгдлүүд нь ОХУ болон НАТО-гийн хурцадмал харилцааг улам дэвэргэлээ хэмээн CNN агентлагийн ажиглагчид үзсэн юм.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мөн Брюссель дэх НАТО-ийн төв байранд зочлохын өмнө Украин, Румынд айлчилна гэлээ. Украинд хийх айлчлал нь уг хагарлыг мөн туйлд нь хүргэж болзошгүйг ажиглагчид онцолж байна.  Өмнө нь НАТО-ийн орнууд болон ОХУ-ын хооронд үүссэн маргаан дэлхийн геополитикийн асуудалд өргөн хүрээнд нөлөөлж байсан юм. Тухайлбал, 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Орос-НАТО-гийн бүхий л хамтын ажиллагаа зогссон байдаг. Мөн 2018 онд Английн Солсбери хотод ОХУ-ын тагнуул асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар Новичок хооронд хордсон байдалтай олдсоны дараа НАТО ОХУ-ыг энэ хэрэгт буруутгасан юм. Тухайн үед Их Британи энэхүү халдлагыг ОХУ цэргийн тагнуулын албатай холбон тайлбарлаж байсан билээ. Дараа нь АНУ тэргүүтэй 20 улс ОХУ-ны 100 гаруй дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж гаргаснаар Их Британийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүний хариуд ОХУ АНУ-ын 60 дипломатчийг хөөж, Санкт -Петербург дахь АНУ-ын Консулын газрыг хаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Нато дахь байнгын төлөөлөгчийн газраа хаахаар боллоо  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй