Өнгөрсөн 7 дугаар сард тус улс сансрын хөлгийг дахин ашиглах, олон шинэ технологийг шалгах зорилгоор ердийн туршилтууд хийсэн байна. Энэ бол дуунаас хурдан пуужин биш, сансрын хөлөг байсан. Ийм төрлийн туршилт хийх нь сансрын хөлөг ашиглах зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр бусад орнууд ийм төрлийн туршилтууд хийж л байдаг, ач холбогдлыг нь мэдэх ёстой хэмээн онцолсон юм.
Өнгөрсөн бямба гарагт БНХАУ дуунаас хурдан баллистик пуужин туршсан тухай АНУ -ын тагнуулын алба гэнэтийн байдлаар олж мэдсэн хэмээн “Фаяниншил таймс” сонин анх нийтэлсэн юм. Уг нийтлэлд БНХАУ-ын тив алгасагч баллистик пуужингийн системд онцгой ахиц дэвшил гаргаж байна. Энэхүү дэвшил нь АНУ-ын төсөөлж байснаас ч илүү “технологи” болсон хэмээн дурджээ.
Харин даваа гарагт АНУ-ын мэргэжилтнүүд “Дуунаас хурдан пуужин нь энгийн далавчит пуужинтай харьцуулшгүй хурдтай, илүү хөдөлгөөнтэй байдаг тул пуужингаас хамгаалах систем үүнийг тогтоон барихад хэцүү байдаг. АНУ энэ технологийг цэргийн хэрэглээнд ашиглахаас аль эрт татгалзсан” хэмээн дүгнэжээ. Мөн ОХУ болон БНХАУ дуунаас хурдан баллистик пуужингуудаар идэвхтэй хөөцөлдсөөр байна. Иймд АНУ "хариу арга хэмжээ авах ёстой" хэмээн шинжээчид үзсэн юм. Мөн АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Майк Галлахер “Хэрвээ Вашингтон одоогийн арга барилаараа явбал 10 жилийн дараа гэхэд БНХАУ-тай хийх хүйтэн дайнд ялагдал хүлээнэ” хэмээн анхааруулсан юм.
Сүүлийн үед АНУ-аас гадна барууны хэд хэдэн орнууд Хятадыг цэргийн хүчээ үзүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Австралийн стратегийн бодлогын хүрээлэнгийн Батлан хамгаалах, стратеги, үндэсний аюулгүй байдлын дарга Майкл Шойбридж БНХАУ-ыг дуунаас хурдан пуужин туршсан тал дээр байр сууриа илэрхийлээд байна. Тэрбээр “Хэрэв Хятад дуунаас хурдан туршсан бол энэ нь "цөмийн болон бусад зэвсгийн системүүдээ нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Гэхдээ бусдаар далдуур. Ил тод байдал гэдэг тус улсын хувьд харь гаригийн ойлголт юм” гэж мэдэгдсэн байна.
Одоогоор БНХАУ-аас гадна АНУ, ОХУ зэрэг дор хаяж таван улс дуунаас хурдан пуужингийн технологитой. Уг пуужин нь дуунаас хурдтай нисэхээс гадна баллистик пуужин шиг цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж чаддагаараа онцлог байдаг. Өнгөрсөн 9 дүгээр сард Умард Солонгос “Хвасон- 8” хэмээх дуунаас хурдан пуужингийн туршилтыг хийсэн юм. Мөн 7 дугаар сард ОХУ Цагаан тэнгис дэх фрегатаас ийм төрлийн пуужин харвасан хэмээн барууны агентлагууд мэдээлж байсан билээ.
| БНХАУ дуунаас хурдан пуужин туршсан мэдээллийг няцаалаа | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.