Кино найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар сансрын станцад кино зураг авалтанд оролцохоор бэлтгэж хүлээж байсан сансрын нисэгч Олег Новицкийтой хамт эх дэлхийдээ иржээ.
Оросын кино баг сансарт кино зураг авахаар энэ сарын 5-ны өдөр Союз хөлгөөр эх дэлхийгээс хөөрсөн юм. Олон улсын сансрын станцад 12 хонохдоо “Сорилт” нэртэй уран сайхны киноны зургийг авчээ. Тус кинонд сансрын тойрог замд ажиллаж байгаа сансрын нисэгчийн бие муудаж, түүнийг аврахаар эмч эмэгтэй сансрын станцыг зорьж байгаа тухай өгүүлэх юм байна. Сансрын станцад зургаан сар гаруйн хугацаанд байрласан Оросын сансрын нисэгч Олег Новицкий өвчтэй сансрын нисэгчийн дүр бүтээжээ.
Уран бүтээлчид тойрог замаас буцахын өмнө олон улсын сансрын станцад үлдэж байгаа сансрын нисэгчидтэй салах ёс гүйцэтгэж байгаа дүрсийг нийтэд үзүүлжээ. Энэ үеэр жүжигчид Пересильд зориудаар үсээ задгай тавьж, жингүйдлийн байдалд байгаагаа харуулжээ. Учир нь киноны зургийг сансарт авсанд зарим хүмүүс эргэлзэж магадгүй гэсэн үүднээс жүжигчид Пересильд ийм үзүүлбэр бэлдсэн юм байна. Одоо Оросын кино уран бүтээлчид сансрын нисэгчдийг бэлтгэдэг Хотхонд 10 хоног байрлаж, сэргээн засах эмчилгээ хийлгэх юм байна.
Сансрын тойрог замд уран сайхны киноны зураг авах санааг Оросын төрийн өмчит Роскосмос компанийн захирал Дмитрий Рогозмн гаргажээ. Ингэснээр ОХУ нь сансрын тойрог замд кино зураг авсан анхны улс болж байгаа юм. Кремль энэ төсөл Оросын сансар судлалын салбарын ололт амжилтыг улам ахиулахад том түлхэц болно гэж үнэлж байна.
| Сансарт кино зураг авсан ОХУ-ын уран бүтээлчид эх дэлхийд ирлээ | ||
| Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.