Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал Тбилисийн төв дэх Эрх чөлөөний талбайд боллоо. Энэхүү жагсаалыг Саакашвилигийн үүсгэн байгуулсан “Сөрөг хүчний үндэсний хөдөлгөөнөөс” зохион байгуулжээ.
Сөрөг хүчний бусад намын зүгээс энэ жагсаалд оролцоогүй байна. Михаил Саакашвилийг дэмжигчид Тбилис хотын төв талбайг дүүргэсэн бөгөөд янз бүрийн насны хүмүүс цугласан байжээ.
Мөн Михаил Саакашвилиг дэмжигчдийн зарим нь бага насны хүүхдүүдээ дагуулан ирсэн байна. Жагсагчид гартаа Гүржийн төрийн далбаа, зарим нь АНУ, Азербайжан, Украин, Европын холбооны тугийг барьсан байна.
Жагсаалын үеэр үймээн самуун гарахаас сэргийлэн Тбилис хотын Шота Руставели өргөн чөлөө, Пушкин, Леонидийн гудамжийг хаасан байна. Михаил Саакашвилиг хоригдсон өдрөөс эхлээд дэмжигчид нь түүний хоригдож байгаа шоронгийн гадна цуглан суллахыг шаардсаар байгаа билээ.
Михаил Саакашвили энэ сарын 1–ний өдөр сонгуульд оролцох зорилготойгоор Гүржид ирээд саатуулагдсан. Түүнийг Гүржид эргэн ирхэд нь шууд баривчилна гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгдэж байсан юм. Михаил Саакашвилиг банкир Сандро Гиргвлианигийн амь насыг хөнөөсөн, Валерий Гелашвилийг зодож хүнд гэмтэл учруулсан хэргээр буруутгаж 9 жилийн ял оноосон байна.
Мөн 2007 оны 11 дүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, улсын төсвөөс мөнгө завшсан хэргүүд нь яг одоо шүүхээр хэлэлцэгдэж байна. Михаил Саакашвили нь 2003 онд Гүржид өрнөсөн “Сарнайн хувьсгал”-ын удирдагч. Түүнийг улс төр судлаачид “Саакашвили маягийн ардчилал”-ыг бий болгосон хэмээн дүгнэдэг юм.
| Тбилист Михаил Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал боллоо | ||
| Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.