Биологийн олон янз байдлын тухай НҮБ-д конвенцид нэгдсэн орнуудын 15-р бага хурал өнөөдөр өндөрлөж байна. БНХАУ-ын Куньмин хотод лхагва гарагт эхэлсэн энэ хурлаар биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээ авахыг тусгасан “Куньмины тунхаглал”-ыг баталсан байна.
"Куньмины тунхаглал"-ыг анх БНХАУ-ын талаас санаачилжээ. Дараа нь НҮБ-ын 15-р бага хуралд оролцож байгаа талууд идэвхтэй дэмжиж, олон бүтээлч санаа дэвшүүлснээр "Куньмины тунхаглал"-ыг илүү утга төгөлдөр, бүрэн дүүрэн болгосон байна. Уг тунхаглалд үндсэн дөрвөн зүйл багтжээ. Үүнд:
- Хүн төрөлхтөн байгальтайгаа дасан зохицож амьдрах зөв замыг олох,
-Байгаль орчны тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, экосистем, төрөл зүйл, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцөөс олсон ашиг шимийн тодорхой хувийг тэгш хуваарилах,
-Талууд биологийн олон янз байдал алдагдахад нөлөөлөгч хүчин зүйлсийн эсрэг практик шийдэл гаргаж арга хэмжээ авах.
-Тунхаглалд оролцогч талууд харилцаа холбоогоо сайжруулж, байгаль дэлхийнд тулгамдаж буй асуудлуудад цаг алдалгүй арга хэмжээ авч хувь нэмрээ оруулах гэсэн 4 зүйл багтжээ.
"Куньмины тунхаглал" нь НҮБ-ын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд экологийн соёлын үзэл баримтлалыг тусгасан анхны баримт бичиг болж байна. "Куньмины тунхаглал"-ыг баталснаар хүн төрөлхтөн, байгаль орчинтойгоо “эв найрамдалтай” хамтдаа орших “2050” төлөвлөгөө хэрэгжих юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас гарсан “Амьд Ертөнц-2020” тайланд дурдсанаар, өдгөө дэлхийн унаган төрх алдагдсаар байна гэлээ.
1970-2016 онд дэлхийн хөхтөн амьтан, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагчид болон загасны тоо толгой 68 хувиар буурсан гэж тус сангийн тайланд дурджээ. Мөн НҮБ-ын бага хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин цахимаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр биологийн олон янз байдлыг хамгаалах санд 1.5 тэрбум юань буюу 33 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хийхээ мэдэгдсэн юм. Мөн бусад орныг тус санд хандив өгөхийг уриалсан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлын үеэр байгаль эхийг хүндлэх, байгалийн хуулийг дагаж мөрдөх, хамгаалах нь нэн чухлыг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр эрүүл экологи, хүрээлэн буй орчин нь байгалийн баялаг төдийгүй эдийн засгийн үр өгөөж, цаашлаад нийгмийн хөгжлийн гарц гэж үзэж, ногоон хөгжил рүү хамтдаа алхахыг улс орнуудад уриалсан юм.
| COP-15 бага хуралд оролцогч орнууд “Куньмины тунхаглал”-ыг баталлаа | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.