Шууд Chart

БНХАУ цахилгааны тарифаа нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцийг нэмэгдүүлэх төлөвтэй байна

2021-10-13 11:47:58

Энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс цахилгааны үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Тэгвэл ингэж нэмэгдүүлэх нь тус улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчид, зарим шинжээч дараах дүгнэлтийг хийж байна.

БНХАУ өнөөдрийн байдлаар нийт мужуудынхаа талаас илүү хувийн эрчим хүчээр хязгаарлаад байна. Энэ нь цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид болон цахилгаан бараа үйлдвэрлэдэг дэлхийн томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаа юм.

Тус улс эрчим хүчний хямралыг сөргүүлэн цахилгааны тарифаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцийг нэмэгдүүлж байна гэж "Блүүмберг" агентлаг мэдээлж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гаргасан мэдэгдэлд эрчим хүчний тарифыг өмнө нь байснаас 20 хувиар өсгөсөн гэлээ. Түүнчлэн одоогийн мөрдөгдөж байгаа тарифын хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлэх нь цахилгаан үйлдвэрлэгчдэд ашигтай болно гэж мэдэгдсэн юм.

БНХАУ-ын “Номура Холдингс” компанийн ахлах эдийн засагч Лу Тиний үзэж байгаагаар цахилгааны үнийн өсөлтийн хэрэглээний үнийн индекст үзүүлэх нөлөөлөл нь 0.4 хувьтай байх юм. Харин цахилгааны үнийн өсөлт нь үйлдвэрлэгчдийн үнийн индексийг 1 хувиар өсгөж, хэрэглээний үнийн индексийг 0.5 хувиар нэмэгдүүлэх магадлалтай гэж “Тайфен Секюритиз” компанийн эдийн засгийн шинжээчдийн багийн гаргасан тайланд дурдсан байна.

Мөн хүчтэй аадар бороо, үерийн улмаас 5 тэрбум гаруй юань буюу 775 сая ам.долларын эдийн засгийн шууд хохиролтой нүүр тулсан Шаньси мужийн нүүрс олборлолт хумигдаж байсан нь тус улсын эрчим хүчний салбарт томоохон нөлөөлөл үзүүлнэ гэж зарим ажиглагч үзэж байна.

Одоогоор БНХАУ-ын Шаньси мужид үйл ажиллагаагаа явуулдаг 60 орчим нүүрсний уурхай их үерийн улмаас хаагдаж байна. Мөн үүнээс өмнө БНХАУ-ын зүгээс ОХУ-аас авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээ мэдэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ цахилгааны тарифаа нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцийг нэмэгдүүлэх төлөвтэй байна  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй