Шууд Chart

Сидней хот хөл хориогоо бүрэн цуцаллаа

2021-10-12 17:21:15

Австралийн Сидней хот коронавирусний Дельта хувилбарын тархалтын улмаас тогтоосон хөл хориогоо бүрэн цуцаллаа. Хөл хорионд 104 хоног болсон Сиднейчүүд үйлчилгээний байгууллагуудад урт дараалал үүсгэн, гудамжинд гарч баяраа тэмдэглэцгээж байна.

Даваа гарагийн шөнө дундаас эхэлж нээгдсэн баар, ресторануудын гадна урт дараалал үүсч, үсчин гоо сайхан, маникюрын үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхээ больжээ.

Учир нь Шинэ Өмнөд Уэльс муж 16-аас дээш насны иргэдийнхээ 70 хувийг нь вакцины хоёр тунд хамруулсан нь үр дүнд хүрч, коронавирусний халдварыг эрс бууруулж чадсан байна.

Хөл хорио цуцлагдсанаар Сидней хотын иргэд кафе, ресторанд олуулаа цуг суун хооллож, биеийн тамирын заал, номын сан, усан сангаар үйлчлүүлэх боломжтой болсон юм. Гэвч тус хотын 16-аас дээш насны иргэдийн 80 хувь нь вакцины 2 тунгаа хийлгэсэн тохиолдолд бүрмөсөн хэвийн амьдралдаа орох төлөвтэй байна.

Даваа гарагт хөл хориогоо цуцалж байгаагаа мэдэгдсэн мужийн захирагч Доминик Перротт, "Өнгөрсөн "104 хоног маш хэцүү өнгөрлөө" хэмээн хэлсэн юм. Мөн тэрбээр халдварын тоо эргэн нэмэгдэх магадлал өндөр ч эрүүл мэндийн байгууллагууд хөл хорионы хугацаанд хангалттай бэлтгэл хангасан байна" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Сидней хотод Дельта хувилбарын дэгдэлт эхэлснээс хойш 50 мянган хүн халдвар авч, 439 хүн нас баржээ. Мөн коронавирусний Дельта хувилбарын тархалт өндөр хэдий ч Австрали улс цаашид "вирустэй дасан зохицож” амьдрахаас өөр замгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Харин Канберра хот ирэх баасан гарагт хөл хориогоо цуцлах бол Мельбурн хот 10 дугаар сарын сүүлээр хөл хорионы дэглэмээ цуцлах төлөвтэй байна. Хөл хорио нь цуцлагдсан өдөр Сидней хотын "NSW" кафе хаалган дээрээ “Эрх чөлөөтэй болсон өдрийн мэнд хүргэе. Аз жаргалд умбах нь хэзээ ч моодноос гарахгүй” хэмээх бичгийг өлгөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сидней хот хөл хориогоо бүрэн цуцаллаа  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй