Шууд Chart

АНУ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тохиролцоонд хүрлээ

2021-10-12 16:28:41

АНУ-ын цэргүүд Кабулаас гарснаас хойш анх удаа Талибанчуудтай яриа хэлэлцээ хийлээ. Катар улсад хийсэн энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд АНУ Афганистаны өлсгөлөнд нэрвэгдэж байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тохиролцоонд хүрч чадсан байна.

Талууд хүмүүнлэгийн тусламжаас гадна хэд хэдэн асуудал дээр яриа хэлэлцээр өрнүүлсэн. Үүнд исламын хэт даврагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, Афганистанд суурьшсан АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал, гадаад иргэдийн аюулгүй байдал, хүний эрх, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвүүд багтжээ. АНУ-ын төлөөлөгчид уулзалтыг дүгнэхдээ илэн далангүй, мэргэжлийн түвшний хэлэлцээр боллоо хэмээн тодорхойлсон.

Гэвч энэхүү уулзалт нь АНУ Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш хэмээн мэдэгджээ. Харин Талибанчуудын гаргасан мэдэгдэлд "АНУ афганистанчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно. Мөн бусад хүмүүнлэгийн байгууллагуудад тусламж үзүүлэх нөхцлийг бүрдүүлж өгнө. Харин манай талаас хүмүүнлэгийн тусламжийг ил тод байлгах, шаардлагатай иргэдийн гарт хүргэхийн тулд буяны байгууллагуудтай хамтран ажиллах болно гэжээ.  Энэхүү хүмүүнлэгийн тусламж нь Афганистанд тулгарч байгаа хүнсний хямралыг даван туулахад гол хөшүүрэг болох юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сард Женевт болсон хандивлагчдын бага хурлын үеэр Афганистанд ядуурлын түвшин огцом өсч, төрийн үйлчилгээ нурах дөхөж байгааг анхааруулсан юм. Дэлхийн банкны мэдээлснээр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувь гадаадын хандив тусламжаас бүрддэг. Тиймээс гадаад харилцаа болон хандивлагч орнуудын тусламж зогссон энэ үед АНУ-аас хүргэх хүмүүнлэгийн тусламж Талибанчуудад чухал хэмээн ажиглагчид онцолжээ.

Талибанчууд ийнхүү хүмүүнлэгийн тусламж дээр АНУ-тай хамтрах саналыг хүлээн авсан бол Исламын улс террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох тал дээр Вашингтонтой хамтран ажиллахаас татгалзсан байна. Учир нь Талибанчууд аюул заналхийллийг бие даан даван туулж чадна хэмээн үзэж байгаа хэмээн Ассошитэд Пресс агентлаг мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Афганистан дахь зэвсэгт бүлэглэлүүдийг үйл ажиллагаа эрчимжсээр байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Кундуз хотын нэгэн сүм рүү Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 50 хүн амь насаа алдаж 100 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тохиролцоонд хүрлээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй