Даваа гарагт Ливаны өмнөд хэсэгт орших түлшний агуулахад түймэр гарсан байна. Түймрийн улмаас түлшгүй болсон Ливан улсын хоёр том цахилгаан станц үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.
Тус улсын Эрчим хүчний сайд Валид Фаядын мэдэгдэж байгаагаар нэг агуулахаас нөгөө агуулах руу түлш шилжүүлж байх үед түймэр дэгджээ. Мөн түймрийг унтраахаар гал сөнөөгчид гурван цаг гаруй ажилласан бөгөөд агуулахад байсан 250 мянган литр түлш шатаж дууссан байна. Азаар бэртэж гэмтсэн хүн байхгүй ч тус улс одоогоор шаардлагатай байгууламжуудаа цахилгаанаар хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Ливан улс нь түлшний импортоос бүрэн хамааралтай орон.
Тус улсын тогтмол бус цахилгаан хангамжаас үүдэн эмнэлэг болон эрчим хүчний байнгын хангамж шаардлагатай бусад байгууллагуудын үйл ажиллагаа доголдсоор байна. Дээр нь Ливаны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа аж. Мөн Ливаны цахилгаан станцуудын хуучирсан дэд бүтэц нь түлшний хомсдлыг даамжруулж, эрчим хүчний хязгаарлалтыг улам нэмэгдүүлсээр байгаа юм. Нэг жишээ дурдахад Ливан улс нь өмнө нь 3-6 цагаар эрчим хүчний хязгаарлалт хийдэг байсан. Тэгвэл одоо байдал улам дордож өдөрт хоёр цаг орчим л эрчим хүчээр хангаж байна.
Тус улсын эрчим хүчний салбар хамгийн удаан хямарч байгаа салбар бөгөөд нь олон жилийн турш төрийн мөнгийг гадагш нь сул урсгаж байна хэмээн дотоодын ажиглагчид шүүмжилдэг.
Ливаны эрчим хүчний яам нь жилд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилладаг байсан бол сүүлийн арван жилд энэ тоо 40 тэрбум ам.доллар болон өссөн байна. Тус улсад тавих Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн гол шаардлага нь эрчим хүчний салбарын шинэчлэл байсаар ирсэн юм.
Түлшний агуулах нь шатаж эрчим хүч хомсдсон энэ хямрал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Өдөрт 22 цаг эрчим хүчний хязгаарлалтад орж байгаа тус улсын иргэдийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгааг олон улсын агентлагууд онцолсоор байна.
| Эрчим хүчний хямралд өртсөн Ливан улс цахилгааны хязгаарлалт хийж эхэллээ | ||
| Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.