Шууд Chart

Австрийн шинэ канцлер тангаргаа өргөлөө

2021-10-12 13:54:55

Австрийн шинэ канцлер Александр Шалленберг, гадаад хэргийн сайд Майкл Линхарт нар тангаргаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өчигдөр орой Вена хотын Хофбургийн ордонд болсон юм.

Ингээд ёслолын үйл ажиллагаа эхлэхэд гадаад хэргийн сайд Александр Шалленбергийг гадаад хэргийн сайдаас чөлөөлж, канцлерын албан тушаалд томилсныг Австрийн ерөнхийлөгч Ван дер Беллен тунхагласан байна. Ийнхүү Себастьян Курцыг канцлерын суудлаас нь албан ёсоор чөлөөллөө. Австрийн шинэ канцлер Александр Шалленберг нь улс төрийн арвин туршлагатай, өндөр ёс зүйтэй дипломатч гэгддэг. Түүнийг тангараг өргөх үеэр Австрийн “сайн канцлер” байж чадна хэмээн тус улсын ерөнхийлөгч Ван дер Беллен онцлон тэмдэглэсэн юм.

Шинэ канцлер Александр Шалленберг Австрийн консерватив үзэлт “Ардын намын” гишүүн. Тэрбээр 2019 оноос эхлэн гадаад хэргийн сайдаар ажилласан бөгөөд “Умардын урсгал 2" төслийг эсэргүүцэгч юм.  Мөн Себастьян Курц огцрохоо мэдэгдэх үеэрээ түүнийг шинэ канцлерын албан тушаалд тохирно гэдгийг онцолсон юм. Харин Александр Шалленберг тангараг өргөх үеэрээ огцрох шийдвэр гаргасан Себастьян Курцэд талархаж байгаагаа илэрхийлээд Засгийн газрыг өөрчлөн байгуулах үйл явц дууссан бөгөөд одоо бид итгэлцлээ сэргээж, ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна хэмээн мэдэгджээ. Харин Австрийн канцлер асан Себастьяан Курц бямба гарагт огцрохоо мэдэгдсэн бөгөөд огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа олон сарын турш үргэлжилсэн эмх замбараагүй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсээр байгаа авилгын тухай гүтгэлэг мэдээллүүдээс болсон хэмээн мэдэгджээ.

Австрийн сөрөг хүчний зүгээс Себастьян Курцыг албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байсан бөгөөд өнөөдөр буюу мягмар гарагт парламентын гишүүд итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулахаар төлөвлөж байжээ.

Өдгөө 35 настай Австрийн канцлер Себастьян Курц болон түүний тойрог хүрээлэгч  9 улстөрч авлигын хэрэгт орооцолдоод байгаа. Авилагын хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа нь сөрөг хүчнийхний зүгээс канцлер Себастьян Курцыг огцруулах хангалттай шалтгаан хэмээн үзэж байсан ч тэрээр өөрөө огцрох шийдвэрээ гаргасан юм.

2017 онд канцлераар сонгогдсон Себастьян Курц Европын хамгийн том хямрал гэгдэх дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг хамгийн ухаалгаар зохицуулж байсан хэмээн олон улсын шинжээчид дүгнэдэг. Мөн түүний нам 2017 онд исламын шашинт эмэгтэйчүүдийг Австрийн олон нийтийн газруудаар нүүрээ халхалж явахыг хориглож байсан аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрийн шинэ канцлер тангаргаа өргөлөө  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй