Европын холбоо цаазын ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан Беларусь улсыг цаазын ялаа халахыг уриаллаа. Беларусь улс нь цаазын ялыг хэрэгжүүлдэг Европ дахь цорын ганц улс юм.
Гэвч Европын холбооны Беларусь дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Дирк Шюебел хэлэхдээ Беларусь улс цаашид цаазын ялыг халах чиглэлд шилжих ёстой гэлээ. 1996 онд Беларусь улсад цаазын ялыг халах тухай асуудал хөндөгдөж, бүх нийтийн санал асуулга явагдаж байжээ. Тухайн үед санал асуулгад оролцсон Беларусийн иргэдийн 80.5 хувь нь цаазын ялыг хэвээр үлдээхийн төлөө санал өгсөн байдаг.
Харин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Европын холбооны энэхүү уриалгад өгсөн хариундаа зөвхөн бүх нийтийн санал асуулгаар энэ асуудлыг дахин хөндөх боломжтой хэмээн үзсэн юм. Гэхдээ цаазын ялыг халах тал дээр Беларусийн иргэдийн үзэл бодол 1996 оны үеэсээ бараг өөрчлөгдөөгүй. Тиймээс санал асуулга явуулах тал дээр эргэлзэж байна хэмээн мэдэгдсэн юм.
Яг одоогоор тус улсад “Шинэ үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах” үйл явц үргэлжилж байна. Цаазын ялыг хэвээр үлдээх эсвэл халах эсэхийг шинэ үндсэн хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа ч үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах комисс энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй хэвээр байна. 2020 оны 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгч Александр Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд зургаа дахь удаагаа ялалт байгуулсан.
Сонгуулийн дараа тус улсад сөрөг хүчний томоохон эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд өнөөг хүртэл Беларусь болон барууны орнуудын харилцаа хурцадмал хэвээр байна. Барууны орнууд Беларусийн сонгууль хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж Беларусийн албан тушаалтнууд болон томоохон компаниудын эсрэг хориг тавьсаар байгаа юм.
| ЕХ: Беларусь улсыг цаазын ялаа халахыг уриаллаа | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.