Чехийн Ерөнхийлөгч Милош Земан тус улсын популист ерөнхий сайд гэгдэх Андрей Бабиштай уулзалт хийсний дараа бие нь муудаж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр Прага хотын цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Милош Земан эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа өвчнөөс нь үүдэлтэй хэмээн хариуцагч эмч нь мэдэгджээ. Ерөнхийлөгч Милош Земан эмнэлэгт хэвтсэн нь Чехийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг шийдэх чухал мөчтэй давхцаад байгаа юм.
Учир нь бямба гарагт тус улсын парламентын сонгууль болж өнгөрсөн. Тус сонгуульд баруун төвийн үзэл баримтлалтай “Хамтдаа” нам иргэдийн 27.79 хувийн санал авснаар тэргүүлж, харин эрх баригч нам 27.12 хувийн саналаар удаалжээ. Мөн төвийг баримтлагч “ПирСтан эвсэл” 15.62 хувийн саналыг тус тус авсан юм. Ингэснээр Чехийн эрх баригч нам парламентын доод танхимд олонхи болж чадахгүй тул эвслийн засгийн газар байгуулагдах нь нэгэнт тодорхой болсон байсан юм.

“ПирСтан” эвслийн” удирдагч Иван Бартош “Хамтдаа” намтай эвсэж шинэ засгийн газар байгуулах талаар" яриа хэлэлцээг бямба гарагт хийсэн юм. Намууд эвссэнээр парламентын 200 суудалтай доод танхимын 108 суудлыг авч, ерөнхий сайд Андрей Бабишийн эсрэг нэгдсэн байна.
Эвслийн удирдагчид, Популист Андрей Бабишийн ноёрхол дуусч, эмх замбараагүй байдлын эрин үе ард хоцорсныг сонгуулийн санал хураалтын үр дүн харууллаа мэдэгдсэн юм.
Харин ерөнхийлөгч Милош Земан ерөнхий сайд Андрей Бабиштай уулзсаны дараахан эмнэлэгт хүргэгдсэн нь ялагдал хүлээсэн эрх баригч нам, олонх болсон сөрөг хүчний намуудын эвслийн асуудалтай холбоотой байсан хэмээн ажиглагчид дүгнээд байна.
Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Андрей Бабиш “Пандора Пеперсийн” онцлох 5 улстөрчийн жагсаалтад орсон юм. Пандора пеперсийн баримтууд ил болсон нь Андрей Бабишд сонгуулийн өмнөх томхон цохилт болж сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна. Пандора Пеперсийн нийтлэлд Андрей Бабишийг улс төрд орохоосоо өмнө Францын Ривьерад оффшор компаниудаар дамжуулан 22 сая долларын үл хөдлөх худалдан авсан гэж мэдэгдсэн байсан.
Мөн Блүүмберг агентлаг түүнийг 3.4 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн мэдээлсэн юм. Андрей Бабиш 2017 онд ерөнхий сайд болохдоо элитүүдийн эсрэг тэмцэж, оффоршчдыг цээрлүүлэх уриатай гарч ирж байв.
| Чехийн ерөнхийлөгч Милош Земан Ерөнхий сайд Андрей Бабиштай уулзсаны дараа эмнэлэгт хүргэгджээ | ||
| Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.