Шууд Chart

Ши Жинпинь, Жо Байден нар он дуусахаас өмнө цахим уулзалт хийнэ

2021-10-07 13:49:57

Энэ тухай өчигдөр Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ян Жечи нар 6 цагийн турш хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Тайвань улстай  холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд хоёр орны хооронд хурцадмал байдал үүссээр байгаа юм.  Хоёр орны хооронд үүссэн хурцадмал байдлыг хэлэлцэхээр БНХАУ болон АНУ-ыг төлөөлсөн дипломатчид өчигдөр Швейцар улсад уулзсан байна. БНХАУ өнгөрсөн долоо хоногт Тайванийн агаарын хил рүү олон тооны байлдааны нисэх онгоц илгээсэн нь АНУ-ын хурц шүүмжлэлтэй тулгарсан юм.  Энэ асуудал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Жо Байдены засаг захиргааны зүгээс хатуу анхааруулга өгсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын уулзалтын гол зорилго бол шаардлагагүй үл ойлголцлоос зайлсхийх явдал гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Дэлхийн хоёр том гүрэн хоорондын харилцаа холбоогоо сайжруулахгүй бол дэлхийд эдийн засгийн эргэлтэд нөлөөлөх хоёр том механизм цаашид эв зүйгээ олоход бэрх болно хэмээн  шинжээчид дүгнэсээр байна. Харин хоёр талын төлөөлөгчид Жо Байден, Ши Жинпинь  нарын төлөвлөсөн цахим уулзалт нь зорилгодоо хүрэх чухал алхам болно гэж мэдэгджээ. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтын цаг хугацааг ойрын үед товлоно гэлээ.

АНУ болон БНХАУ-ын Төрийн тэргүүн нар 9 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьсан. Удахгүй товлогдох цахим уулзалтаар хоёр улс цаашдын стратегийн харилцаагаа сайжруулах, зөрчилдөөнийг эв зүгээр зохицуулах, хойшид гарах сөргөлдөөнөөс зайлсхийх, гадаад худалдаанд хоёр тал харилцан ашиг хүртэх гэх мэт зүйлс дээр яриа хэлэлцээ өрнүүлэхээр болсон юм.

Мөн уулзалтын дараа Ян Жечи “БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагаа нь дэлхий дахинд ашиг тусаа өгдөг, харин хоёр улс сөргөлдөхөд дэлхийн бүх улсад хохирол учруулдаг учраас удахгүй цахимаар болох уулзалтаар амжилттай хэлэлцээр хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жинпинь, Жо Байден нар он дуусахаас өмнө цахим уулзалт хийнэ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй