Европын холбооны эмийн агентлаг коронавирусний эсрэг Пфайзер вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрсөн байна.
Тодруулбал, тус байгууллага дархлаа нь хэт суларсан хүмүүсийн хувьд хоёр тун вакцин хангалттай хэмжээний эсрэг биет үүсгэхгүй байж болох талтай учраас хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 28 хоногийн дараа нэмэлт тунг хийж болно гэж зөвлөж байгаа аж.
Мөн Пфайзер вакцины үр нөлөөг харуулж байгаа баримт мэдээлэлд тулгуурлан дархлааны хэвийн тогтолцоотой иргэдэд гурав дахь тунг хийх юм. Өөрөөр хэлбэл 18 болон түүнээс дээш насныханд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 6 сарын дараа нэмэлт тунг хийхийг Европын эмийн агентлаг зөвлөжээ.
Үүнтэй зэрэгцэн Европын эмийн агентлаг АНУ-ын биотехнологийн Модерна компанийн вакциныг 18 болон түүнээс дээш насныхны нэмэлт тунд хэрэглэх зөвшөөрөл олгох үүднээс мэдээллийг судалж байгаа юм.
Европын орнуудаас Франц, Герман улсууд өндөр настай иргэд болон бусад халдвар авах эрсдэлт бүлгийн хүмүүст нэмэлт тунг хийх зөвшөөрөл олгоно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн. Европын холбоо өмнө нь бүүстер буюу гурав дахь тун вакциныг хийх гэхээсээ илүүтэйгээр бололцооныхоо хэрээр олон хүнийг коронавирусний бүрэн тунд буюу хоёр тунд хамруулах нь зүйтэй гэсэн байр суурь баримтлаж байсан юм.
| Европын холбоо 18-аас дээш насныхны 3 дахь тунд “Пфайзер” вакциныг тарихыг зөвшөөрлөө | ||
| Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.