Өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирээд баривчлагдсан Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили болон түүний өмгөөлөгч Ника Гварима нар өлсгөлөн зарлаж эхэллээ. Мөн Михаил Саакавилигийн дэмжигчид түүний хоригдож байгаа шоронгийн гадна цуглан суллахыг шаардаж байгаа аж.
Өмгөөлөгч Ника Гварамиа Гүржийн ерөнхийлөгч асанг суллагдах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн, Гүржийн улстөрийн бусад хоригдлуудыг ч суллах ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. Харин ерөнхийлөгч асан Михаил Саакашвили амьдралынхаа төгсгөл хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэрбээр өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь муудсан ч эмнэлгийн тусламж авахгүй хэмээн урьдчилан татгалзаад байна.
Михаил Саакашвили энэ сарын 1-ний өдөр сонгуульд оролцох зорилготойгоор Гүржид ирээд саатуулагдсан юм. Михаил Саакашвилиг банкир Сандро Гиргвлианигийн амь насыг хөнөөсөн, Валерий Гелашвилийг зодож хүнд гэмтэл учруулсан хэргээр буруутгаж 9 жилийн ял оноожээ. Мөн 2007 оны 11 дүгээр сарын 7 -нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, улсын төсвөөс мөнгө завшсан хэргүүд нь яг одоо шүүхээр хэлэлцэгдэж байна.
Өнгөрсөн сард Гүржийн эрх баригчид түүнийг буцаж ирэхээ мэдэгдсэний дараа, хил давахад нь шууд баривчилна гэсэн хариу өгч байсан юм. Михаил Саакашвили нь 2003 онд Гүржид өрнөсөн “Сарнайн хувьсгалын” удирдагч юм. Михаил Саакавили засгийн эрхэнд байхдаа яам агентлаг, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нэмж байсан түүхтэй. Мөн төрийн өмчийн байгууллага, төрийн мэдэлд байсан газруудыг хувьчилж “Саакашвили маягийн ардчилал” руу Гүржийг хөтөлсөн гэж улс төр шинжээчид дүгнэдэг.
Харин Михаил Саакавили ерөнхийлөгчийн албан тушаалаасаа 2014 онд буусан бөгөөд үүнээс хойш Украинд амьдарч эхэлсэн байдаг. 2014 онд Украинд төрийн эрх солигдоход “Евромайдан” хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, Украины Одесс мужийн захирагчийн алба, ерөнхийлөгч Петр Порошенкогийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
| Михиал Саакашвили өлсгөлөн зарлалаа | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.