Шууд Chart

Австрали улс 2022 он хүртэл жуулчид болон гадаад оюутнуудыг хүлээн авахгүй

2021-10-05 14:11:58

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийх үеэрээ ирэх 2022 он хүртэл тус улс гадаадын жуулчид болон оюутнуудыг хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Мөн, бид вакцинжуулалтын жишиг түвшинд хүрч байж хилээ нээх боломжтой болно гэж онцолжээ.  Одоогоор Австрали улс 16 ба түүнээс дээш насны иргэдийнхээ  80 хувийг нь коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунд хамруулаад байна. Өнгөрсөн долоо хоногт Австрали улсад аялал жуулчлалын хатуу бодлого хэрэгжиж эхэлсэн. Энэ нь вакцины 2 дугаар тунд хамрагдсан иргэдээ 11 дүгээр сараас эхлэн анх удаа хилийн чанадад нисэхийг зөвшөөрсөн явдал  юм.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал олон улсын оюутнуудыг хүлээн авч сургадаг Австралийн их сургуулиудад хамгийн хүнд цохилт болсоор байна. Харин боловсролын салбарын төлөөллүүд гадаад оюутнуудаа хүлээж авахгүй бол оюутнууд хүлээлгүйгээр бусад орнуудын их сургуульд элсэх магадлалтай хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа аж.

Цар тахлын хязгаарлалтын улмаас Австралид ирэх цагаачдын тоо дэлхийн 2 дугаар дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа гэнэ. Үүнээс өмнө тус улс аялал жуулчлалын салбараас 33 тэрбум доллар олдог байсан тухай Австралийн аялал жуулчлалын зөвлөлөөс мэдэгдсэн байна. Австралийн аялал жуулчлалын зөвлөлөөс гадаадын жуулчдыг ирэх оны гуравдугаар сар хүлээн авах хүсэлтээ засгийн газартаа тавьж байгаа аж.

Харин өнгөрсөн зургадугаар сараас Сидней хотод дельта хувилбар дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Австралийн засгийн газраас вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Австралийн Виктория мужид халдварын 1763 тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд илэрч байгаа хамгийн өндөр тохиолдол болж байна.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс вакцинжуулалтын түвшингээр бусад мужуудаа одоогоор тэргүүлж байгаа бөгөөд вакцинд хамрагдсан жуулчдыг хамгийн түрүүнд хүлээж авна гэсэн  төлөвлөгөөтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс 2022 он хүртэл жуулчид болон гадаад оюутнуудыг хүлээн авахгүй  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй