Шууд Chart

Кишида энэ сарын 14-нд парламентын доод танхимыг тарааж магадгүй

2021-10-03 14:30:21

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдсон Кишида Фүмио бүх нийтийн сонгуулийн өмнө парламентын доод танхимаа тарааж магадгүй тухай ЖапанТаймс мэдээллээ. Японы парламентын доод танхимын ээлжит сонгуулийн санал хураалт 11 дүгээр сарын 7, 14-ний аль нэгэнд болох юм байна.

Парламентын доод танхим буюу төлөөллийн танхимын гишүүдийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа 10 дугаар сарын 21-нд дуусах ёстой. Гэхдээ хуулиар парламентын доод танхимыг хугацаанаас нь өмнө тараах эсвэл бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлэх эрхийг тэдэнд олгох гэсэн хоёр сонголт Кишидад байгаа юм байна. Тус улсын хуулиар парламентыг татан буулгасан дараа 40 хоногийн дотор сонгууль явуулах ёстой байдаг аж.

Дайны дараах түүхэнд төлөөлөгчдийн танхим 4 жилийн бүрэн эрхээ дуусахаас өмнө татан буугдаагүй цорын ганц тохиолдол нь 1976 оных юм. Хэрвээ төлөөлөгчдийн танхим 4 жилийн бүрэн эрхээ дуусгавал парламентын сонгуулийг үүнээс 30 хоногийн өмнө явуулах ёстой. Иймээс Кишида өмнөх уламжлалаа дагах төлөвтэй байна гэж тус улсын улс төрчид үзэж байна. 10 дугаар сарын 4-ний өдөр парламентын ээлжит бус чуулганаар түүнийг ерөнхий сайдаар батлах санал хураалт явуулна.

Үүний дараа Японы эзэн хаан басамжилснаар Кишида Фүмио Японы 100 дахь ерөнхий сайд болох юм. Тэрээр ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа даваа гарагт шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлах төлөвтэй байна. Эрх баригч намын эх сурвалжийн мэдээлснээр Кишида Либерал Ардчилсан намын улс төрч Шүничи Сузукиг сангийн сайдаар томилж, Тошимицу Мотегиг гадаад харилцааны сайдаар хэвээр үлдээхээр төлөвлөж байгаа гэнэ. Засгийн газраа бүрдүүлсний дараа Кишида парламентын чуулганд анхны бодлогын үгээ хэлж, бусад намуудын удирдлагуудын асуултад хариулах төлөвтэй байна.

Одоогоор эрх баригч нам болон сөрөг хүчний Үндсэн хуулийн ардчилал нам 10 дугаар сарын 14-нд ээлжит бус чуулганыг хаахаар тохиролцжээ. Хэрвээ Кишида 14-нд парламентын доод танхимыг татан буулгавал бүх нийтийн сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 26-нд эсвэл 11 дүгээр сарын 2-нд эхлэх болов уу гэсэн таамаг байна. Хэрвээ сурталчилгааг дээрх хугацаанд эхлүүлбэл Кишидагийн оролцох ёстой 10 дугаар сарын сүүлээр Ром хотноо болох 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалттай  давхцахаар байгаа.

Кишидагийн хувьд эхний том сорилт нь ирэх сард болох парламентын сонгуульд намаа ялуулах, эдийн засгаа сэргээх, Умардын цөмийн зэвсгийн аюулыг сөрөх, Америк, Хятадтай тэнцвэртэй харилцааг хадгалах зэрэг хариуцлагатай үүрэг ногдох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кишида энэ сарын 14-нд парламентын доод танхимыг тарааж магадгүй   
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй