Шууд Chart

Коронавирусний эсрэг шинэ эм өвчний хүндрэл, эндэгдлийг 50 хувиар бууруулж байна

2021-10-03 13:00:40

АНУ-ын биотехнологийн Мерк компанийн гарган авсан коронавирусний шинэ эм "Ковид-19" цар тахлын халдвараар хүндрэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж байгаа судалгаа гарчээ. МолнуПиравир нэртэй уг эм нь "Ковид-19" цар тахлын эсрэг эмчилгээнд амаар ууж хэрэглэх анхны эм юм.

Тус компани шинээр гаргаж авсан эмээ яаралтай горимоор коронавирусний эсрэг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл авахаар АНУ-ын болон бусад улсын эрүүл мэндийн газруудад хандаж байгаа юм байна. уг эмийг халдвар авсан хүн гэрээр ууж хэрэглэх боломжтой учир эмнэлгүүдийн ачааллыг бууруулах сайн нөлөөтэй гэж үзэж байна.

МолнуПиравир амийг хөнгөнөөс дундаж шинж тэмдэгтэй өвдсөн, насанд хүрсэн 775 хүнд туршсан байна. Ингэхдээ зориуд таргалалт, сахар, зүрх судасны өвчтэй эрсдэлт бүлгийн өвчтөнүүдэд болон вакцинд хамрагдаагүй хүнд туршжээ.

Туршилтын явцад өвчтөнүүдийн 50 хувьд нь эм маш сайн нөлөө үзүүлсэн байна. Энэхүү шинэ эм нь коронавирусний генийн кодыг хуулбарлан үржүүлэх замаар өвчнийг эмчилдэг бөгөөд түүний анагаах чадвар хангалттай өндөр байсан учир хөндлөнгөөс ажигласан мэргэжилтний баг туршилтыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Одоогоор АНУ коронавирусний эсрэг үйлчилгээтэй Ремдесивир эм болон бусад онцгой тохиолдолд ашиглах гурван төрлийн эсрэг биетийн бэлдмэлийг коронавирусний эсрэг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Гэвч эдгээр эмийг дусал тариа хэлбэрээр хэрэглэдэг учир өвчтөн заавал эмнэлэгт очих шаардлагатай байгаа юм байна. Мерк компани энэ онд багтаан 10 сая тун эм үйлдвэрлэхээр төлөвлөсний зэрэгцээ улс орнууд захиалга өгч гэрээ хэлэлцээр байгуулж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусний эсрэг шинэ эм өвчний хүндрэл, эндэгдлийг 50 хувиар бууруулж байна   
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй