Шууд Chart

БНСУ зай барих журмаа дахин хоёр долоо хоногоор сунгана

2021-10-02 10:30:36

БНСУ хүн хоорондын зай барих хатуу журмаа орон даяар мөрдөх хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгахаар шийдвэрлэснийг Засгийн газрын тэргүүн нь мэдэгджээ. Тус улсад удахгүй тохиох үндэсний баярын бүх нийтийн амралтын өдрүүдээр коронавирусний халдварын тархалт нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан журмыг сунгахаар болсон байна.

Өмнөд Солонгост бий болсон цар тахлын дөрөв дэх давлагаа өнгөрсөн долоо хоногт болсон ургацын баярын дараа улам эрчимжжээ. Сүүлийн зургаа хоног дараалан тус улсад коронавирусний халдварын 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ сарын 3-нд Өмнөд Солонгос улс байгуулагдсаны ой, аравдугаар сарын 9-нд Солонгос үсгийн баяр зэрэг бүх нийтийн баярын өдрүүд тохионо. Энэ үеэр халдварын тархалт эрс нэмэгдэж болзошгүйг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь анхааруулжээ.

Ирэх даваа гарагаас хэрэгжих шинэчилсэн төлөвлөгөөний дагуу нийслэл Сөүл хотын бүсэд зай барих хамгийн хатуу буюу 4-р түвшний журмыг баримтлах бол бусад муж, хотуудад гуравдугаар түвшний хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх юм байна.

Шинэчилсэн журмаар нийслэл дэх хоолны газар, ресторануудыг 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. Мөн 18:00 цагаас хойш зургаа хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрнө. Гэхдээ тэдний дөрөв нь коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавих юм байна.

БНСУ-ын Засгийн газраас "Ирэх хоёр долоо хоног бол шийдвэрлэх үе. Энэ үед халдварын тархалтыг бууруулж чадвал зай барих журмыг дахин сунгахгүйгээр сулруулах боломжтой болно. Иймд иргэд бүх нийтийн амралтын өдрүүдэд олноороо цуглахгүй, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газруудаар явахгүй байх"-ыг зөвлөж байна.

Хэрвээ хоёр долоо хоногт халдварын тохиолдол буурвал хязгаарлалтуудыг сулруулах, иргэдээ вакцины бүрэн тунд хамруулахад төвлөрч ажиллах юм байна. Өмнөд Солонгос нь одоогоор 40 орчим сая хүн амынхаа 76.6 хувийг коронавирусний вакцины эхний тунд, 25.7 буюу 50.1 хувийг нь бүрэн тунд хамруулаад байна.

Тус улс энэ сарын сүүлчээр халдварын тархалт буурвал "Ковид-19" цар тахалтай тэмцэх бодлогоо өөрчилж, улирлын томуутай адил эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиг хандлага руу шилжихээр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд нь энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ зай барих журмаа дахин хоёр долоо хоногоор сунгана   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй