АНУ, Япон болон БНСУ-ын гурван талт уулзалт Токио хотод боллоо.
Уулзалтад БНАСАУ-ын асуудлыг хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Сун Ким, Японы Ази, Далайн хэргийн товчооны ерөнхий захирал Такехиро Фунакоши, Солонгосын Хойгийн Энх Тайван, Аюулгүй байдлын асуудлыг хариуцсан Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Но Кю-дук нар оролцсон юм. Төлөөлөгчид уулзалтаар хөндөгдсөн асуудлууд болон гурван талт харилцааны талаар дараах байр суурийг илэрхийлж байна.
Японы Ази, Далайн хэргийн товчооны ерөнхий захирал Такехиро Фунакоши: “Гурван талт хамтын ажиллагаа зөвхөн Умардын Солонгосын асуудлаар хязгаарлагдахгүй, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөн анхаардаг. Японы Засгийн газар гурван талт хэлэлцээрээс гарсан сүүлийн үеийн үр дүнгүүдийг таатайгаар хүлээн авч байгаа”.
БНАСАУ-ын асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Сун Ким: “Бид Японы аюулгүй байдал, ардчиллыг хамгаалах үүрэг, амлалтандаа өмнөхөөс илүү их ач холбогдол өгч байгаа. БНАСАУ-тай холбоотой асуудлаар манай гурван улсын хооронд нягт харилцаа байдагт бид талархдаг. Энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхдээ таатай байх болно”.
Солонгосын Хойгийн Энх Тайван, Аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Но Кю-дук: “Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх нийтлэг ойлголцол дээр тулгуурлан Умард Солонгостой хэрхэн харилцах талаарх илэн далангүй яриаг өрнүүлж чадна”.
Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг Вашингтон, Сөүл болон Токиогийн талууд цөмийн зэвсгийн асуудлаар Умард Солонгостой дахин яриа хэлэлцээг эхлүүлэх боломжийг эрэлхийлж, энэхүү уулзалтыг хийлээ гэж мэдээлжээ. Вашингтон, Пхеньяны хоорондох цөмийн зэвсгийн асуудлаарх яриа 2019 он буюу Америкийн экс Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар нүүр тулсан уулзалт хийснээс хойш зогсонги байдалд орсон юм. Трамп, Ким нарын уулзалт үр дүнгүй өндөрлөсөн гэж ойлгож болно. Цар тахал болон олон улсын хоригоос үүдэн Умард Солонгосын эдийн засаг улам гүн хямралд орохоор байгаа. Тэгвэл АНУ, Өмнөд Солонгос болон Японы төлөөлөгчид мягмар гарагийн уулзалтаар Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж олгох асуудлыг хөндсөн гэх мэдээлэл гарч байна. Пхеньяныг хэлэлцээрийн ширээнд эргэн суухыг ятгахад энэхүү тусламж эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна.
| Япон, АНУ болон Өмнөд Солонгосын гурван талт уулзалт боллоо | ||
| Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.