ОХУ-ын Гадаад харилцааны яам удахгүй болох парламентын сонгуульд нь АНУ хөндлөнгөөс оролцож байна гэсэн үндэслэлээр Москвад суугаа Америкийн Элчин сайдыг дуудаж уулзсан байна. Яамны мэдээллээр Оросын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков Америкийн Элчин сайд Жонн Сулливаныг дуудаж уулзжээ.
Уулзалтын үеэр Оросын тал АНУ-ын технологийн тэргүүлэгч компаниуд Төрийн думын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Оросын хуулийг зөрчиж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Москва ямар компани яг ямар хууль зөрчсөн тухайг мэдэгдээгүй юм байна.
Мөн Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Ирэх 5 жилд Оросын парламентын танхимыг бүрдүүлэх Төрийн думын сонгууль энэ сарын 17-19-ний хооронд болно. Москва үүнээс өмнө "Google", "Apple" зэрэг компаниудыг сөрөг хүчний идэвхтэн Алексей Навальныйг дэмжигчдийн хөгжүүлсэн сонгуулийн санал өгөх зориулалттай аппликейшнийг өөрсдийн програмаас хасахыг уриалж байсан юм.
Уг программыг устгахгүй бол сонгуулийн үйл явцад нөлөөлж, тэдгээр компаниудад торгууль тавих эрхзүйн орчин үүснэ гэж Оросын тал мэдэгджээ. Үүнийг Оросын эрх баригчид сонгуулийн өмнө сөрөг хүчний үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж байгаа хэлбэр гэж хэвлэлд онцолжээ.
Өмнө нь Вашингтон Москваг 2016 болон 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хөндлөнгөөс нөлөөлж байсан гэж буруутгаж байсан.
| ОХУ АНУ-ын технологийн компаниудыг парламентын сонгуульд нөлөөлж байна гэж буруутгав | ||
| Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.