Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч 9-р сарын 11-ний халдлага болсон 3 байршилд очиж, дурсгал хүндэтгэх ёслолд оролцоно

2021-09-11 15:31:24

 

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д террорист халдлага болж байсан. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден террорист халдлага болж байсан Нью-Йорк, Вашингтон, Пенсилванид очиж, дурсгал хүндэтгэх ёслолд оролцох юм байна.

Цагаан ордны тэргүүн дурсгал хүндэтгэх ёслолд оролцохоор Нью-Йоркийг зорихоосоо өмнө есдүгээр сарын 11-ний халдлагад амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа дүрс бичлэгээр дамжуулан илэрхийлжээ.

Мөн тэрбээр ард түмний нэгдмэл байдал улс үндэстний хүчирхэг байдлын суурь болдог гэж ард иргэдээ нэгдмэл байхыг уриалсан байна. Энэ эмгэнэлт үйл явдлын 20 жилийн ойг АНУ-ын ард иргэд ч мөн дурсан санаж, хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.

2001 оны 9-р сарын 11-ний өдрийн өглөө Исламын зэвсэгт Аль Каида бүлэглэлийн гишүүд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан халдлага үйлдсэн. Барьцаалагдсан дөрвөн онгоцны хоёр нь АНУ-ын Нью-Йорк хотын худалдааны ихэр цамхагийг мөргөж дэлбэрсэн бол гурав дахь онгоц нь Вашингтонд Пентагоны төв байрыг мөргөж, дөрөв дэх нь зорчигчид барьцаалагчидтай тэмцсэний улмаас Пенсилванид унаж осолдож байсан.

Энэ халдлагын улмаас 3000 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн хүнд шархдаж, өвчилж байсан юм. Энэхүү террорист халдлагын дараа АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш Афганистанд терроризмын эсрэг дайн зарлаж байсан.

Энэ үед Талибан хөдөлгөөн Афганистаныг хянаж байсан бөгөөд Аль Каида бүлэглэл үүрлэх таатай орчин болж байсан гэж АНУ болон түүний холбоотнууд үзэж байсан юм.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Афганистанд хийсэн 20 жилийн дайнаа албан ёсоор дуусгаж, цэргээ бүрэн бүрэлдэхүүнээр нь эргүүлэн татсан. Терроризмтой тэмцэх нэрийн дор АНУ өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн олон оронд цэрэг дайны ажиллагаа явуулжээ.

Эдгээр дайны уршгаар 800 гаруй мянган хүн амь насаа алдсанаас 330 гаруй мянга нь энгийн иргэд байна. Мөн дайны хөлөөс дайжсан олон сая хүн дүрвэгч болсон байна.

АНУ ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон их наяд америк долларын хохирол амсаж, олон мянган цэргээ дайнд алджээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ болон түүний холбоотнууд терроризмтой тэмцсэн ч гэсэн өнөөдөр дэлхий ертөнц 20 жилийн өмнөхөөс ялгарахааргүй, аюултай нөхцөл байдалд байна. Дэлхий даяар олон арван террорист байгууллага байсаар байна гэж Америкийн зарим иргэн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч 9-р сарын 11-ний халдлага болсон 3 байршилд очиж, дурсгал хүндэтгэх ёслолд оролцоно  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй