Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар утсаар ярилцсан байна. Удирдагчид хоёр орны хооронд шинэ сөргөлдөөн үүсэхээс зайлсхийх асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.
Ши Жиньпин, Жо Байден нар өргөн цар хүрээг хамарсан стратегийн хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Цагаан ордноос мэдээлсэн байна. Удирдагчид хоёр талын ашиг сонирхол нийлж байгаа, мөн дээрх хоёр орны төрийн бодлого зөрчилдөж байгаа, цаашид сөргөлдөх магадлалтай чиглэлийг хамарсан яриа ч өрнүүлжээ.
Хоёр орны хоорондох өрсөлдөөнийг сөргөлдөөн, зөрчилдөөн болгон даамжруулахгүй байх аль аль талын үүрэг, хариуцлагын талаар хэлэлцсэн гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ Энэтхэг-Номхон далай, цаашлаад дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх асуудлыг чухалчилдаг талаар Хятадын Төрийн тэргүүнд дуулгажээ. Харин "Би Би Си" агентлаг Хятадын дарга Ши Жиньпин АНУ, БНХАУ зүй зохистой харилцаатай байж чадах эсэх нь дэлхийн ирээдүй, цаашдын замналд туйлын чухал гэж хэлсэн тухай "Си Си Тв"-гээс эх сурвалж татан мэдээлжээ.
Цагаан ордны тэргүүн Жо Байден Хятад улсыг АНУ-ын хамгийн ноцтой өрсөлдөгч гэж тодорхойлж байсан удаатай. Үүнээс гадна АНУ хүний эрх, өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн ажиллагаа зэрэг асуудалд Бээжинг хүчтэй шүүмжилж ирсэн юм. Үүний хариуд Бээжин улсынх нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг Вашингтонд байнга сануулдаг юм.
Одоогоос долоон сарын өмнө Хятад, Америкийн удирдагчид утсаар ярилцсан. Жозеф Байден Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоноос хойш Хятадын даргатай нүүр тулсан уулзалт хийгээгүй л байна.
| Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар утсаар ярилаа | ||
| Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.