БРИКС-ийн орнуудын удирдагчид цахим дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ бүлэгт Бразил, Энэтхэг, БНХАУ, ОХУ болон Өмнөд Африк гэсэн бүс нутгийнхаа нөлөө бүхий, эдийн засаг нь хурдацтай тэлж буй таван орон багтдаг. 13 дахь удаагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг улс цахимаар зохион байгуулж, удирдагчид хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцлаа.
Тэдний ярианы нэг чухал сэдэв нь Афганистан улсад үүсээд байгаа нөхцөл байдал байсан юм. Афганистаныг террористуудын үүр уурхай болгож болохгүй гэсэн нэгдмэл байр суурийг илэрхийлж байна.
Удирдагчид терроризм, аюулгүй байдал, хүний эрх, тэр дундаа Афганистаны бага ястан, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди "Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд БРИКС олон шинэ амжилтад хүрлээ. Өнөөдөр бид Дэлхийн хөгжиж буй орнуудын нөлөө бүхий дуу хоолой болоод байна. БРИКС-ийн орнууд терроризмын эсрэг төлөвлөгөөгөө боловсруулаад байгаа. Манай бүлгийн гишүүн орнуудын сансрын агентлагууд хамтын ажиллагааны шинэ үеийг мөн эхлүүлээд байна" гэсэн байна.
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса "БРИКС-ийн орнууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад үргэлжлүүлэн анхаарах ёстой. Бид Дэлхийн эдийн засгийн сэргэлт, нийтийн бүх салбарын уян хатан байдлыг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих хэрэгтэй. Мөн манай бүлгийн гишүүн орон бүр дэлхий дахины хэмжээнд коронавирусний вакцины үйлдвэрлэлийг түргэсгэх боломж олгох Энэтхэг, Өмнөд Африкийн санаачлан, дэвшүүлсэн "ТРИПС" саналыг дэмжих хэрэгтэй байна" гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Афганд үүсээд байгаа нөхцөл байдалд Америкийн эрх баригчдыг буруутгасан байна. Тэрбээр мөн Афганистан терроризм, хар тамхины худалдааны голомт, эвсэл хөрш орнуудад аюул заналхийлэл учруулагч болох ёсгүй гэж яриандаа онцоллоо. Уулзалтын үеэр БРИКС бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болсон талаар Хятадын дарга Ши Жиньпин хэлсэн байна.
| БРИКС-ийн орнуудын удирдагчид цахимаар уулзлаа | ||
| Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.