Цар тахлын үед хөл хорионы дэглэм зөрчсөн хүмүүст хатуу шийтгэл оногдуулах байдал гадны зарим оронд ажиглагдсаар байна. Тухайлбал, Вьетнам улсад нэгэн эр хөл хорионы дэглэм зөрчсөн, халдвар тараасан хэрэгт буруутгагдаж, 5 жил хоригдох ял сонсоод байна.
Ле Ван Три гэх эрийг халдвар тарааснаас гадна хөл хорионы дэглэм зөрчсөн, ташаа мэдээлэл өгсөн гэх хэрэгт давхар буруутгажээ. Тэрбээр өнгөрсөн 7 дугаар сарын эхээр Хо Ши Мин хотоос өөрийн төрж, өссөн Ка Мау муж руу мотоциклоор зорчсон байна.
Три Ка Мау муж руу эргэн нэвтрэхдээ аяллын маршрутынхаа талаар ташаа мэдээлэл холбогдох албаныханд өгсөн, мөн өөрийгөө тусгаарлах ёстой гэсэн журмыг зөрчсөн юм. Тухайн үед өөр муж, хотоос Ка Мау хот руу нэвтэрсэн иргэд 21 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах ёстой байжээ. Удалгүй Три коронавирусний халдвар авсан нь батлагдаж, мөн гэр бүлийнхээ гишүүд болон халамжийн үйлчилгээний ажилтанд халдвар тараасан болох нь нотлогдсон байна.
Шүүхээс түүнд хорих ял оноосноос гадна 880 ам.доллартой дүйцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулжээ. Саяхныг хүртэл Вьетнам улс коронавирусний халдварыг тун амжилттай тогтоон барьж, хумиад байсан юм. Харин халдварлах чадамж илүү өндөр дельта хувилбараас үүдэн тус улсад 6 дугаар сараас хойш “КОВИД-19”-ийн халдвар эрчимжжээ.
Өчигдрийн байдлаар тус улсад нийт халдвар 530 мянгад хүрсэн бол 13 мянга гаруй хүн нас баржээ. Дээрх халдвар болон эндэгдлийн ихэнх нь өнгөрсөн хэдхэн сарын дотор бүртгэгдсэн.
| Вьетнам эр хөл хорио зөрчиж, халдвар тараасан хэргээр 5 жил хоригдох ял сонслоо | ||
| Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.